🔴Д.Энхтуяа: Иргэдийн хуримтлалын данснаас 8 мянга орчим өрхийн ипотекийн зээлийг санхүүжүүлсэн байна

AI хөрвүүлсэн

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн бүрдүүлбэр болон Үндэсний баялгийн сангийн зарцуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Засгийн газар төсвийн төслийг өргөн барихдаа хуульд заасан бүрдүүлбэрийг дутуу хангасан төдийгүй үүнийг хүлээн авсан УИХ-ын удирдлага хариуцлагагүй хандсан. Тодруулбал, иргэн бүрийн эдийн засгийн баталгаа болсон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулалгүйгээр төсвийн төслийг анхлан өргөн барьсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Улмаар УИХ дахь сөрөг хүчин болон гишүүд, олон нийтийн зүгээс баялгийн санд халдахыг эсэргүүцсэний дараа Засгийн газар нэг удаагийн шинжтэй хуулийн төслийг төсөвтэй хамт бус, араас нь нөхөн оруулж ирсэн нь Засгийн газрын төлөвлөлт, хариуцлагагүй байдлыг харуулж байна. Түүнчлэн бүх зардлыг төсөвт хэдийн тусгаж оруулж ирчихээд дараа нь иргэдээс санал асуулга нэрээр дүр эсгэж буйг шүүмжилж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар Хуримтлалын сан нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зориулагдах бөгөөд уг хөрөнгийг сонголтоороо захиран зарцуулах эрх нь хуулиар иргэдэд олгогдсон байдаг.

Гэтэл 2024 онд уг хууль батлагдсанаас хойш тус сангаас нийт 8 мянга орчим өрхийн ипотекийн зээлийг санхүүжүүлсэн байна. Иргэд нэрийн дансандаа хуримтлагдсан хөрөнгийг сургалтын төлбөр эсвэл эрүүл мэндийн эмчилгээндээ зарцуулах эрхтэй байтал Засгийн газар иргэдээс асуулгүйгээр дур мэдэн зөвхөн ипотекийн зээл рүү чиглүүлж буй нь буруу практик.

"Оюу толгой" төслөөс орж ирэх ногдол ашиг буюу ард түмний нэрийн дансанд хуримтлагдах ёстой эх үүсвэрээс тус 10 аймгийн дулааны станцын санхүүжилтийг гаргахаар төсөвт тусгаж оруулж ирснийг гишүүний хувиар эсэргүүцэж, төсөвт 10 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтыг ард түмний хүртэх ёстой ногдол ашгийн хөрөнгөөс санхүүжүүлэх үндэслэлгүй.

Түүнчлэн Баялгийн сангийн хөрөнгөд Засгийн газар дур мэдэн гар хүрэхээс сэргийлэх, хуулийн хамгаалалтыг чангатгах зорилгоор УИХ-д 19 гишүүн нэгдсэн лобби бүлэг байгуулан ажиллаж буй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.