Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар төлөв гарлаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тухайлбал, мэдээлэлдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, ургац хураалтын явц, махны экспортын нөхцөл байдал болон мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах, малчдын орлогыг дэмжих арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Зун, намрын улиралд улсын хэмжээнд 76.9 сая толгой мал бэлчээрлэсэн бөгөөд хүн амын хүнсний хэрэгцээ болон мал, мах бэлтгэлд 15.1 сая орчим толгой малыг нийлүүлэхээр тооцсон. Үүний дүнд улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Мал, мах бэлтгэлийн хүрээнд 10.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Нийт эргэлтэд оруулах малын 67 орчим хувийг Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд бүрдүүлж байна.
Зуншлагын нөхцөл байдал 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар зуншлага муу байгаа нь өвөлжилт, хаваржилтад нөлөөлж, хүндрэл үүсгэж болзошгүй байгааг анхааралдаа авч байна.
Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн дүн гарсан байна. Улсын тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас, байгалийн цогцолбор газарт отроор өвөлжих малчин өрхийн хүсэлт, судалгааг нарийвчлан гаргаж байна. Тусгай хэрэгцээний отрын нөөц бүс нутгийн бэлчээрийн даацаар 717.4 мянган толгой хонь өвөлжүүлэх боломжтой бөгөөд оторчдын хүсэлтийг (otorchin.gov.mn) цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байна.
“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд амжилттай хэрэгжүүлснээр тэжээлийн таримлын тариалалтыг 2,270 га-аар нэмэгдүүлж, нийт 778 малчин өрх, хоршооны хамтын ажиллагааг дэмжин, орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Цаашид 2027 онд тус төслийн хамрах хүрээг улам тэлж, илүү олон сумын малчдын хоршоо, нөхөрлөлийг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.