Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ.
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг яллагдагчаар татах санал есдүгээр сард гаргасан. Улмаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас тухайн сарын 20-дын үед яллагдагчаар татах тогтоол баталсан юм. Харин Х.Нямбаатар уг тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарч явсан байдаг. НПГ-ын Авлига, мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын баталсан тогтоолыг яллагдагчид танилцуулахаар оршин суугаа хаяг, холбоо барих утас, өмгөөлөгч, төлөөлөгчид нь хандсан ч ирэхгүй, хаана очсон нь тодорхойгүй байгаа аж.
Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах үүднээс мөрдөгчид энэ сарын дундуур дахин прокурорт хандаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулах санал хүргүүлжээ. Прокурор уг саналыг зөвшөөрч, Интерполын Монголын товчоогоор дамжуулан олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлт дээд байгууллагад нь хүргүүлсэн аж. Мэдээж эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлсэн даруйд Интерполынхон цахим хуудсандаа нийтэлдэггүй. Өөрийн тогтсон дүрэм, журмын дагуу нягталж, аль буландаа зарлан мэдээлэх вэ гэдгээ шийдвэрлэдэг биз.
Юутай ч Х.Нямбаатарыг “Туулын хурдны зам”-ын гэх хэрэгт хамжигч, зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсаныг баттай эх сурвалжууд мэдээлэв. АТГ, тагнуул, цагдаа зэрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалуулсан хэргээ мөрддөг. Түүнийг нь прокурор байнга хянаж байдаг.
Гэтэл хэн нэгэн улс төрчийн бууны нохой, гар хөл болсон “поп” этгээдүүд мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын гадна очиж хашхирч, сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж, өөрсдийгөө тухайн хэргийг шийдвэрлүүлж байгаа мэтээр дөвийлгөх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Тухайлбал, Х.Нямбаатарт хэрэг үүсгэж шалгаж, яллагдагчаар татах тогтоол баталчхаад байхад зарим хүн АТГ-ын гадаа очиж бараг л мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх нь үү гэлтэй “попорч” ажлаа хийж байгаа төрийн тусгай алба хаагчид руу ч дайрч үзсэн.
Авлигын эсрэг хуулийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явуулж, прокурор ямагт хяналт тавьж, гэм буруутай, үгүйг шүүх эцэслэн шийдвэрлэдэг шүү дээ. Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” хэмээн заасныг ч ташрамд сануулъя.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.