Европын хотуудад дэгдсэн хэт халалтын улмаас 50 мянга гаруй хүн амиа алджээ
Шинжлэх ухааны "Nature Health" сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаагаар энэ зун Европын хотуудад нүүрлэсэн хэт халалтын улмаас 50,391 хүн амиа алдсан нь тус тивд бүртгэгдсэн хамгийн олон хүний аминд хүрсэн гамшигт зун болсныг тогтоожээ.
Лондонгийн эзэн хааны коллеж болон Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн судлаачид уг ажлыг удирдан гүйцэтгэсэн бөгөөд Их Британи, Норвеги, Швейцар зэрэг Европын 30 орны 854 хот суурины 173 сая иргэний нас баралтын тоон баримтад дүн шинжилгээ хийсэн байна. Зургаагаас наймдугаар сарын хооронд тохиосон энэхүү нас баралтын түвшин нь 2022 оныхоос 71 хувиар өссөн төдийгүй 2003 онд 28 мянга, 2022 онд 29 мянган хотын иргэн эндэж байсан түүхэн үзүүлэлтүүдээс хол давжээ.
Судалгааны дүнгээс үзвэл нийт эндэгдлийн гуравны хоёр орчим буюу 32,600 гаруй нь малтмал түлшний хэрэглээнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбогдож байна.
Баруун Европт агаарын хэм 1991-2020 оны дунджаас 2.9 хэмээр дулаарч, оргил үедээ зарим бүс нутагт хэвийн хэмжээнээс 12 хүртэл халж байв. Нийт таван удаагийн дараалсан халуун долгион нүүрлэснээс зургаадугаар сарын 17-ноос долоодугаар сарын 1-ний хооронд буюу агаарын дундаж 5 хэмээр давсан хугацаанд зуны нийт эндэгдлийн гуравны нэг нь бүртгэгдсэн байна.
Улс орнуудаас хамгийн их хохирол амссан нь Итали бөгөөд 13 мянга давсан нас баралт бүртгэгджээ. Харин Их Британийн хотуудад 4,354-4,500 хүн хэт халалтаас үүдэж нас барснаас 2,500 орчим нь уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөгөөр амиа алдсан тооцоо гарсан байна. Эрсдэл 85-аас дээш насныханд хамгийн өндөр байсан хэдий ч 65-аас доош насны олон мянган иргэн, тэр дундаа 20-44 насны 800 гаруй залуус энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн золиос болжээ.
Судалгааны багийн ахлагч, доктор Клэйр Барнс хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулж, дэд бүтцийг дасан зохицуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг засгийн газруудад уриаллаа.
Их Британийн Халууны эрсдэлийн үндэсний комиссын дарга Эмма Ховард Бойд энэхүү нөхцөл байдал нь эмнэлгийн хүчин чадал болон онцгой байдлын албадад туйлын хүнд ачаалал учруулсныг сануулсан байна. Турк улсад зохион байгуулагдах НҮБ-ын уур амьсгалын чуулганы өмнө нийтлэгдсэн энэхүү дүгнэлт нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах боломж үгүй болсныг анхааруулсан олон улсын тайлантай давхцаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.