🔴О.Алтангэрэл: Хүнийг заавал яллахаар зүтгэдэг гаж тогтолцоог таслан зогсоох ёстой

AI хөрвүүлсэн
🔴О.Алтангэрэл: Хүнийг заавал яллахаар зүтгэдэг гаж тогтолцоог таслан зогсоох ёстой
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Б.Жаргалан нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээний асуудлаар УИХ-д ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, тэр дундаа Улсын дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж буй хууль хэрэглээний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахаар ийнхүү гарын үсэг цуглуулж буйгаа онцоллоо. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

-Монгол Улсын Их Хурал 2022 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэргийг буцаадаг ойлголтыг халсан. Анхан шатны шүүх рүү хэргийг олон дахин буцааж, хүнийг заавал яллахаар зүтгэдэг, нотлох баримт хангалтгүй байхад дахин бүрдүүлэхээр явуулдаг энэ гаж тогтолцоог таслан зогсоох зорилгоор дээрх хуулийн өөрчлөлтийг хийсэн. Тухайн үед УИХ-ын гишүүд болон хуульчид "Хэргийг буцаадаг энэ байдал арилж, иргэн гэм буруугүй бол цагаатгадаг, нотлох баримт хангалтгүй бол хэрэгсэхгүй болгодог, харин гэм буруутай нь нотлогдвол шийтгэдэг зарчим хуульчлагдлаа" гэж үзэж байсан. 

Гэвч практик дээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Монголын хуульчдын холбооноос Улсын дээд шүүхийн шүүгчид хүргүүлсэн албан мэдээллээр:

-2024 онд: Улсын дээд шүүхээс 60 хэргийг, давж заалдах шатны шүүхээс 705 хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан

-2025 онд: Улсын дээд шүүх 49 хэргийг, давж заалдах шатны шүүх 779 хэргийг тус тус буцаасан. 

Энэ бол зүгээр нэг хэргийн тоо биш, цаана нь олон хүний амьдрал, эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа явдал. Хууль бол нэг мөр хэрэгжих ёстой. УИХ-аас хэргийг буцаахгүй байхаар хуульчилсан бол энэ нь хэрэгжих л учиртай. Бидний санаачилж буй ерөнхий хяналтын сонсгол нь шүүхийн бие даасан байдал болон гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх, шийдвэрийн үнэн зөвийг хянах зорилго агуулаагүй.

Харин УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлт яагаад амьдрал дээр хэрэгжихгүй байна вэ, хуулийн хийдэл байна уу, хэргүүд олон зуугаараа анхан шатны шүүх рүү буцаж буй шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүн таслах ажиллагаанд оролцогчид болон хуульчдын дунд нээлттэй хэлэлцэхэд чиглэж байна. Цаашид иргэнийг заавал яллаж буруутгадаг биш, олон улсын жишгийн дагуу мэтгэлцээний үндсэн дээр хуулийг зөв хэрэглэн шийдвэрлэдэг болох ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.