Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзжээ

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал хүсэлт, сонирхсон асуултад шууд хариуллаа.

Засгийн газраас дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, хүний эрхийн чөлөөлөлт, амьдралын чанар болон ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг цахим чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал, төрийн зардлыг бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах, Оюутолгойн өгөөжийг ард түмэнд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн реформ, 16 мянган өрхийг орон сууцаар хангах, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын зорилтыг танилцуулав.

6adca63c22dfb32b15f759c4

Уулзалтад оролцсон иргэд нийслэлийн дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмж, олон жил шийдвэрлэгдээгүй барилга байгууламж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой асуудлуудыг хөндөж, холбогдох албаныханд санал хүсэлтээ уламжиллаа.

Дахин төлөвлөлт, Сэлбэ хотын бүтээн байгуулалтад тухайн хорооны иргэд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын шалгуурт тэнцэх боломжгүй иргэдэд ямар нөхцөл, боломж олгох, 20 орчим жил дуусаагүй, эзэнгүй орхигдсон барилга иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч буйг хэлж, уг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар сургуулийн хашаа руу түрж барьсан барилга 10 гаруй жилийн турш шийдвэрлэгдээгүй байгааг иргэн Н.Даваахүү хөндөж, хууль тогтоомж, эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцэхгүй барилгын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 50 мянгатын оршин суугчдын дахин төлөвлөлт, барилгын давхрын хязгаарлалт, соёлын өвд бүртгэхтэй холбоотой асуудал хөндөгдлөө. Иргэдийн зүгээс эдгээр асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж, оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатайг илэрхийлэв.

6adca66122dfb32b15f759c6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд 8,575 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байгааг танилцууллаа.

6adca66c22dfb32b15f759c7

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлогын хүрээнд хуваарилалтыг квотын зарчмаар, нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль байгуулах боломжийг судлан, иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 40, 50 мянгатын бүсийн тоосгон барилгуудын дахин төлөвлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоог хангах, барилгын давхрын хязгаарлалтыг дахин нягтлан үзэх чиглэлээр зураг төслийн бэлтгэл ажил хийсэн талаар мэдээлэв. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжийн асуудлыг судалж, эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр баг гарган ажиллахаа илэрхийлээ.

Уулзалтын төгсгөлд иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн иргэн та бүхэн “Хотын дарга сонсож байна 150150” тусгай дугаарт санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтойг хэллээ.

6adca67a22dfb32b15f759c8

6adca68a22dfb32b15f759c9

6adca69d22dfb32b15f759ca

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.