"Нэг улс-Нэг стандарт" бодлогын хүрээнд шинэчлэл хийнэ
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Нэг улс–нэгдсэн стандарт” бодлого, стандарт нэвтрүүлэхээр тодорхойлсон 33 салбарын зорилттой уялдаж байна.
Хуулийн төслийг 2022 оноос боловсруулж, нийслэл, 21 аймаг, төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулан, ирүүлсэн саналыг тусгажээ. Мөн хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, лабораторийн эрх зүйн орчны болон гадаад орнуудын стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцооны харьцуулсан судалгаанд үндэслэн төслийг боловсруулсан байна.
Нийт есөн бүлэг, 38 зүйлтэй хуулийн төсөлд дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ.
Нэгдүгээрт, стандарт хэрэглэх эрх, үүргийг тодорхой болгоно. Үндэсний стандартыг нээлттэй, үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүлж, заавал мөрдөх шаардлагыг нарийвчлан тогтооно.
Хоёрдугаарт, лабораторийн гурван шатлалт тогтолцоог хуульчилна. Лабораториудын чадавхыг уялдуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмжийн давхардлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн нөөцийг оновчтой ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Гуравдугаарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын хариуцлага, хараат бус байдлыг бэхжүүлнэ. Итгэмжлэлийн байгууллагын засаглалыг сайжруулж, техникийн хороо, маргаан шийдвэрлэх комисс, шинжээчдийн эрх, үүрэг, үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Түүнчлэн төслийн 31 дүгээр зүйлд улсын байцаагч хяналт шалгалтын явцад итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг ашиглаж болохоор тусгасан байна.
Дөрөвдүгээрт, мэдээллийн нэгдсэн сан байгуулна. Стандарт, лабораторийн шинжилгээ, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн мэдээллийг нэгтгэснээр мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, давхардсан шалгалтыг бууруулахыг зорьжээ.
Тавдугаарт, олон улсын худалдааны зохицуулалтыг боловсронгуй болгоно. Олон улс, бүс нутаг болон гадаад улсын стандартыг хэрэглэх нөхцөлийг тодорхойлж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх замаар давхардсан баталгаажуулалт, худалдааны техникийн саадыг багасгахаар тусгасан байна. Ингэснээр Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, тогтолцоогоор нотлох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Зургаадугаарт, хяналт шалгалт болон төрийн худалдан авалтын шаардлагыг тодорхой болгоно. Зах зээлд нийлүүлж буй болон улсын хилээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүний тохирлын баталгаанд хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулжээ. Мөн төрийн худалдан авалтаар дамжуулан иргэдэд хүрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 65.6 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитой хангахад стандарт чухал үүрэгтэй. Тиймээс хуулийн шинэчлэл нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.