🔴Н.Наранбаатар: Төсвийн орлого, зарлагыг хоёр их наяд төгрөгөөр бууруулна

AI хөрвүүлсэн
🔴Н.Наранбаатар: Төсвийн орлого, зарлагыг хоёр их наяд төгрөгөөр бууруулна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улсын төсвийн тодотгол болон төсвийн зардал танах ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

-Мөн "Оюутолгой" төслөөс орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг 100 хувь Үндэсний баялгийн санд төвлөрүүлж байгаатай холбогдуулан төсөвт зохицуулалт хийгдэж байна. Нийт дүнгээрээ Засгийн газраас өргөн барьсан төсөв хоёр их наяд төгрөгөөр багасаж, өмнө нь 43.6 их наяд төгрөгөөр өргөн мэдүүлэгдсэн төсөв 41.6 их наяд төгрөг болж хасагдахаар тусгагдаж байгаа.

Зарлагаас нь хоёр их наяд төгрөгийг хасаад, орлогоос нь мөн хоёр их наяд төгрөгийг адил хамт хасаж байгаа учраас Засгийн газар руу төсөл буцаах шаардлага байхгүй. Ажлын хэсэг дээрээ эдгээр өөрчлөлтөө хийгээд, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулаад явах хуулийн бүрэн боломжтой. 

Зарчмын зөрөөтэй саналууд харьцангуй цөөхөн гарч байна. Учир нь анх төсөл өргөн баригдахдаа Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг 52 төсөл арга хэмжээнд хуваарилахаар тусгасан байсан. Үүнтэй холбогдуулан бусад Байнгын хороодоор хэлэлцэх явцад гишүүд ногдол ашгийг ихэсгэж, багасгах болон өөр төсөл арга хэмжээ рүү шилжүүлэх маш олон зарчмын зөрөөтэй санал гаргаад байсан юм. 

Бусад байнгын хорооноос нэгтгэгдэж ирж буй саналуудад давхардал бий. Түүнчлэн хуулийн эх үүсвэр бүхэлдээ татагдсан тул эх үүсвэргүй санал дээр санал хураалт явах боломжгүй учраас гишүүд ч саналаа татаж авах байх. Харин бүс, тойрог, салбар дотроо зардлаас хасаж, нөгөөд нь нэмэх жижиг шилжүүлгүүдийн зарчмын зөрөөтэй саналууд хэвээр байгаа бөгөөд энэ нь хуулийн дагуу шийдэгдэнэ. 

Төсөвт орлого болон зарлагын дүн хоёулаа ижил хэмжээгээр буюу хоёр их наяд төгрөгөөр буурч байгаа тул төсвийн алдагдлын хэмжээ өөрчлөгдөхгүй, хэвээрээ үлдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.