🔴Б.Мөнхтамир: Төв зам дагуу байрлалтай 13 ШТС-ын ээлж солих цагийг өөрчлөх үүрэг өглөө

AI хөрвүүлсэн
🔴Б.Мөнхтамир: Төв зам дагуу байрлалтай 13 ШТС-ын ээлж солих цагийг өөрчлөх үүрэг өглөө

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдал болон шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар өнөөдөр /2026.10.27/ мэдээлэл хийлээ. Мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир болон холбогдох албаны төлөөллүүд өгөв.

АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:

-Өнөөдрийн байдлаар манай улсын 10 дугаар сарын АИ-92 автобензиний нийт захиалгын хэмжээ 57 мянган тонн байна. 36 мянган тонн нь Монгол Улсад орж ирсэн бол зургаан мянган тонн нь замдаа тээвэрлэгдэж явна. Харин ОХУ-ын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 15 мянга орчим тонн шатахуун ачигдаагүй хүлээгдэж буй нөхцөл байдалтай байна. ОХУ болон УБТЗ-ын төмөр замын их засвар, цонхтой өдрүүдээс шалтгаалан вагон таталт болон Ангарскийн үйлдвэрийн ачилтад удаашрал үүссэн. Бид тал талын байгууллагуудтай хамтран ажиллаж, 10 дугаар сарын үлдэгдэл захиалгыг 11 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан бүрэн татаж авахаар ажиллаж байна. 

ОХУ, Украины дайн болон Ойрх Дорнод, Ормузын хоолойн хурцадмал байдалтай холбоотойгоор олон улсад шатахууны үнэ өссөн. 11 дүгээр сарын шатахууны хилийн үнийн албан ёсны мэдээлэл хараахан ирээгүй байгаа ч урьдчилсан байдлаар захиалгын тоо хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байна. 11 дүгээр сарын нийт захиалгыг 57 мянган тонноос нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. 

Монгол Улсын сарын нийт хэрэглээг ОХУ-ын нийлүүлэлтээр дангаар бүрэн хангахад хүндрэлтэй байгаа тул БНХАУ болон гуравдагч орнуудаас шатахуун импортлох ажлыг эрчимжүүлсэн. 

Энэ долоо хоногт багтаан БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд БНСУ-аас АИ-92 автобензин, дизель түлш болон онгоцны шатахууныг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж эхэлнэ. Эхний ээлжид 10 дугаар сард захиалсан 12 мянган тонн шатахуун 11 дүгээр сарын эхээр орж ирэх хуваарьтай байгаа бөгөөд цаашид тогтмол хугацаанд гуравдагч орнуудаас шатахуун татах ажлыг үргэлжлүүлнэ

Цас их хэмжээгээр орж, замын хөдөлгөөний эрчим саарсан, өнгөрсөн амралтын өдрүүдэд тээвэрлэлт саатсантай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл ирүүлсэн. Үүнтэй уялдуулан Шуурхай штабаас дараах шуурхай зохицуулалтуудыг хийхээр шийдвэрлэсэн. Тухайлбал: 

-Замын хөдөлгөөний ачаалалд шууд нөлөөлж буй "Сод Монгол", "Шунхлай", "Тэс петролиум", "Магнай трейд", "Петровис", "Синчи ойл" компанийн төв зам дагуу байрлалтай 13 ШТС-ын ээлж солих цагийг ажил эхлэх, тарах оргил цагаар бус, өдрийн 11:00 цагт хийлгэх үүрэг өгөв.

-Зарим аж ахуйн нэгж шатахуун түгээх станцын үлдэгдэл, борлуулалтын мэдээллээ платформд хоцроож оруулж байгаа зөрчил гарсан. Тухайлбал, "Петровис", "Сод Монгол" компанийн 17-18 ШТС мэдээллээ цаг тухайд нь оруулаагүйг АМГТГ-аас мэдээлсэн бөгөөд иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд шатахуун дууссан болон олгож буй мэдээллээ системд шуурхай тусгах үүрэг даалгавар өглөө.

-Толгойт өртөөнд аж ахуйн нэгжүүдийн нөөцийн сав сулраагүйгээс болж вагоноос шатахуун буулгах ажил 2-3 хоног баригдсан асуудал гарсан тул савыг шуурхай суллаж, салбар зам руу шилжүүлэн ачих ажлыг яаралтай зохион байгуулахыг УБТЗ болон холбогдох байгууллагуудад даалгав.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3-д заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэднийг асран хамгаалж буй хүмүүст шатахууныг дараалал харгалзахгүйгээр олгох хуулийн хэрэгжилтийг хангаж, үүнд Цагдаагийн ерөнхий газраас хяналт тавьж ажиллахаар болов.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 28 хоногийн, харин автобензиний 8-10 хоногийн нөөцтэй байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.