Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн ах дүүст тус бүрт нь 30 жилийн хорих ял оноов
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхээс бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах зохион байгуулалттай сүлжээг арав гаруй жил ажиллуулсан ах дүү гурав болох Тал, Орен, Алон Александер нарт тус бүр 30 жилийн хорих ял оноолоо.
Шүүгч Валери Капрони тэдний үйлдлийг "жигшүүрт, бузар булай" хэрэг хэмээн тодорхойлж, шоронд хорихоос гадна суллагдсаных нь дараа арван жил хяналтад байлгах, бэлгийн гэмт хэрэгтнүүдийн албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан байна.
Ах дүүсийн ууган болох 40 настай Тал Александер болон 39 настай ихрүүд болох Орен, Алон нар нь олон нийтийн дунд өндөр нэр хүндтэй, чинээлэг эрхмүүд байв.

Тал, Орен нар Нью-Йорк болон Өмнөд Флоридад чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулсан тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг байсан бол Алон нь гэр бүлийнхээ хувийн хамгаалалтын “Kent Security Services” компанид удирдах албан тушаал хашиж байжээ.
Мөрдөн шалгалтаар тэд 2008 оноос дор хаяж 2021 он хүртэл өөрсдийн эд баялаг, нийгмийн байр сууриа ашиглан эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охидыг Манхэттен, Хэмптонс, Майами болон Мексик дэх тансаг харш, үдэшлэгүүдэд уруу татан авчирч, зориуд мансууруулах бодис өгч биеэ хамгаалах чадваргүй болгон хүчирхийлдэг байсныг нотолсон юм.
Шүүх хурлын явцад 70 гаруй хохирогч тэдний хүчирхийлэлд өртсөнөө хуулийн байгууллагад мэдэгдсэний дотор 11 эмэгтэй тангараг өргөн бодит үнэнийг гэрчилжээ. Долоон цаг гаруй үргэлжилсэн ял оноох сонсголын үеэр 12 хохирогч өөрсдийн амссан сэтгэл зүйн хүнд гэмтэл, айдсын тухай мэдүүлэг өгсөн байна. Хохирогчдын нэг Иса Брукс 16 настайдаа тэдний далд халдлагад өртсөнөө дурдсан бол өөр нэгэн эмэгтэй болох Бела Коваль Хэмптонс дахь үзэсгэлэнтэй харш бодит байдал дээр аймшгийн газар болон хувирсныг сэтгэл эмзэглүүлэн ярьжээ. Шүүгдэгч Орен Александер өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байсан боловч тангарагтны шүүх тэднийг гэм буруутайд тооцсон байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Тал Александерт 350 мянган ам.доллар, Орен болон Алон Александер нарт тус бүр 300 мянган ам.долларын торгууль ногдуулав. АНУ-ын прокурор Жэйми Макдональд гэмт этгээдүүд мансууруулах бодис болон хүч хэрэглэн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн нь туйлын ноцтой үйлдэл бөгөөд зохих шийтгэлээ хүлээж буйг онцолсон юм.
Түүнчлэн Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын цагдаагийн газрын удирдлагууд энэхүү гэмт бүлэглэлийг илрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хохирогчдын эр зоригийг онцгойлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.