Өнөөдөр манай долоон бөх барилдана

“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр /10.28/  эмэгтэй чөлөөт бөхийн төрөл үргэлжлэн явагдана.
9b60aca699f04422b8b2132197997e41
Эхний өдөр явагдсан дөрвөн жинд манай улсаас хүч үзсэн бөхчүүдээс гурван бөх өнөөдөр дагах барилдаан, цаашлаад медалийн төлөө хүч үзэхээр шалгараад байна. Тодруулбал:
Эмэгтэйчүүдийн 65 кг жинд:
ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин хагас шигшээ барилдаанд дэлхийн аварга, Молдавын Ирина Рингачид ялагдсан тул өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана. Тэрээр Японы Нана Икехата болон Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь барилдах оноолттой байна. 
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд: 
ОУХМ Б.Хулан, энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай дагах барилдаан хийнэ. Ялсан нь Беларусийн Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө хүч сорих юм.
Эмэгтэйчүүдийн 76 кг жинд: 
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайте нар дагах барилдаанд өрсөлдөнө. Ялсныг нь хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 3 медальтай, Киргызстаны Айпери Медет Кизы хүлээж байна. 
 
Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 68, 72 кг жингийн хэсгийн барилдаанууд явагдах ба манай улсаас дараах бөхчүүд зодоглоно. 
Эмэгтэйчүүдийн 53 кг жинд:
Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорих оноолттой байна. Ялсныг нь шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсаня хүлээж байна. 
Эмэгтэйчүүдийн 62 кг жинд: 
ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг жинд: 
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана. 
Эмэгтэйчүүдийн 72 кг жинд: 
Азийн аварга З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорих оноолттой байна. 
Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх нийт тамирчиддаа амжилт хүсье!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.