ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Нийгмийн даатгалын үндсэн сангаас тэтгэвэр авдаг байсан одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдсэн

AI хөрвүүлсэн
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Нийгмийн даатгалын үндсэн сангаас тэтгэвэр авдаг байсан одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдсэн
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр оруулсан. Энэхүү шинэчлэлийн үр дүнд Монгол Улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжсэн. Өмнө нь иргэд зөвхөн Нийгмийн даатгалын үндсэн сангаас тэтгэвэр авдаг байсан бол одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм. ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тэтргэврийн шинэчлэлийн талаар тодруулав. 

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар Монгол Улсад анх удаа улсын төсвөөс шууд санхүүждэг суурь тэтгэврийн тогтолцоог бий болгов. Суурь тэтгэвэр нь иргэний төлсөн шимтгэлээс хамаарахгүй бөгөөд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр ахмад настнуудын орлогыг дэмжих, бага тэтгэвэртэй иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм. Уг тэтгэвэр нь ажилласан жилтэй уялдаж 100,000-аас 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Суурь тэтгэвэрт Ахмад настны тухай хуулиар тогтоосон насны шалгуур буюу 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүд хамрагдана. Харин цэргийн алба хаасны тэтгэвэр зэрэг хуульд заасан үндэслэлээр эрт тэтгэвэрт гарсан (55 нас хүрээгүй эмэгтэй, 60 нас хүрээгүй эрэгтэй) иргэд эдгээр насанд хүрсэн цагаасаа эхлэн суурь тэтгэврээ аваад явах зохицуулалттай.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангаас ажилласан жил болон төлсөн шимтгэлтэй уялдаж олгодог үндсэн тэтгэвэр хэвийн үргэлжлэх бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдэнэ.

Гуравдугаарт, Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Хөдөлмөр эрхэлж буй иргэд, залуучууд тэтгэвэрт гарах хүртлээ хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэснээр гурав дахь эх үүсвэрээсээ давхар тэтгэвэр авах суурь бүрдэх юм.

Энэхүү шинэчлэл нь 2026 оны төсвийн тодотголын гол үзэл баримтлал буюу айл өрх бүрийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг юм. Энэ хүрээнд салбар салбарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлж буй бөгөөд тухайлбал, 11 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлээд байна.

Аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого: Шинээр бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих, ажлын байр бий болгоход тулгардаг татварын болон нийгмийн даатгалын ачааллыг бууруулах үүднээс шинэ зохицуулалт оруулсан. Тодруулбал, сүүлийн 5 жилийн дотор бүртгүүлсэн, 5 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжүүдийн 3 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх боломж бүрдлээ.

Нийгмийн даатгалын сангийн бааз суурийг өргөтгөх: Өнөөдрийн байдлаар манай улсад нэг даатгуулагчийн төлсөн шимтгэлээр нэг тэтгэвэр авагчийг санхүүжүүлж буй нь сангийн тогтвортой байдалд эрсдэлтэй үзүүлэлт болоод байна. Дэлхий даяар хүн амын насжилт өндөрсөж, төрөлт буурч байгаа тул нийгмийн даатгалын бааз суурийг зайлшгүй тэлэх шаардлага тулгарчээ. Энэ хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцдоггүй, шимтгэл төлдөггүй 250 мянга орчим иргэнийг нийгмийн даатгалд хамруулахын тулд эхний хоёр жилийн хугацаанд төлөх НДШ-д нь 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нь татвар биш, ирээдүйн өндөр насны баталгаа болохыг сурталчлан таниулж байна. Мөн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тэд өөрсдөө хүсвэл ажил эрхлэх явцдаа НДШ төлөхгүй байж болох зохицуулалтыг тусгаж, суралцахын зэрэгцээ орлого олох боломжийг бүрдүүлжээ.

Малчдын нийгмийн даатгалын асуудал: Одоогийн мөрдөгдөж буй хуулиар малчдын сайн дурын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцан дааж байна. Түүнчлэн малчид нийтлэг иргэдээс 5 жилийн өмнө буюу эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байдаг. Харин 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгагдсан малчдын НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх заалтын хувьд Нийгмийн даатгалын сан өнөөдөр 540 мянга орчим тэтгэвэр авагчийн төлбөрийг хариуцаж буй санхүүгийн ачааллын улмаас хэрэгжих хугацаа нь хойшлогдох төлөвтэй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох асуудал: Энэхүү асуудлыг Төр, Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван талт хамтын хэлэлцээрээр шийддэг. Одоогийн байдлаар шууд 1 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж хомс байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн торгууль шийтгэлээс эхлээд гадаадаас ажиллах хүч авах төлбөр (одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нугалсан 1 сая 580 мянган төгрөг байдаг нь 2 сая төгрөг болж өснө) зэрэг олон үзүүлэлт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаардаг тул аж ахуйн нэгжүүдэд шууд дарамт болох эрсдэлтэй. Салбарын яамнаас амьжиргааны доод түвшин, дундаж цалин зэрэг 4 параметрт тулгуурласан тооцооллыг гаргаж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад бодит эдийн засгийн судалгаа, тооцоололтой хандах санал тавьснаар хэлэлцээрийг түр хугацаанд зогсоогоод байна. Цалин, өргөн хэрэглээний үнэ өсөж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж буй үед дарамт үүсгэхгүй байх үүднээс уг асуудлыг оноос өмнө шийдвэрлэхээр ажиллаж байна.

Тэтгэврийн бусад нэмэгдлүүд:

  • Олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэврийн насанд хүрсэн бол суурь тэтгэврийг нэмэгдүүлэн авна.
  • 2027 онд 745 мянга орчим иргэн тэтгэвэр авна гэсэн тооцоотой байгаа бөгөөд бүх төрлийн тэтгэвэр үе шаттайгаар нэмэгдэнэ.
  • Цэргийн тэтгэвэрт гарсан 23 мянган иргэний тэтгэвэр инфляцтай уялдан өснө. Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс насанд хүрээгүй цэргийн тэтгэвэр авагчид инфляцын 10 хувийн нэмэгдэл авах бөгөөд 55, 60 нас хүрсэн үедээ суурь тэтгэвэрт хамрагдана.
  • 2014 оноос өмнө тэтгэвэрт гарсан 141 мянга орчим иргэний тэтгэвэр тухайн үеийн 1 сая 404 мянган төгрөгийн сууриар бодогдож байсныг өнөөгийн 2 сая 400 мянган төгрөгтэй тэнцүүлэн, тэтгэврийн зөрүүг арилгах зардлыг ирэх оны төсөвт тусгасан.
  • Тэтгэврийн хувь хэмжээ иргэн бүрийн ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч харилцан адилгүй байна. Жишээлбэл, 769,000 төгрөгийн бүрэн тэтгэвэр авч буй иргэн 20 жил ажилласан бол суурь тэтгэврийн хамгийн бага нэмэгдэл болох 200,000 төгрөг нэмэгдэж 969,000 төгрөг болох зэргээр тооцогдох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.