О.Өмөрбек: Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас аливаа этгээдийн гэм буруугийн талаар ярих боломжгүй
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэр "Мобиком" корпорацын ажилтнуудын унаж явсан автомашинаас үүдэлтэй гэх асуудал олон нийтийн анхааралд ороод байна. Үүсээд буй нөхцөл байдал, тус компаниас хүлээх хариуцлага болон хамтын ажиллагааны талаар "Мобиком" корпорацын Хуулийн албаны захирал О.Өмөрбек мэдээлэл өглөө.
"Мобиком" корпорацын Хуулийн албаны захирал О.Өмөрбек:
-Байгаль орчны асуудал хариуцсан сайдаас хохирол тогтоох чиглэлээр холбогдох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай байгууллагын хувьд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй. Байгаль орчны сайд уг асуудалтай холбогдуулан биднийг дуудаж ярилцсан. Дорнод аймгийн Халхгол сумын ДЦГ-т болсон үйл явдалд манай байгууллага гүнээ харамсаж байгаагаа албан мэдэгдэлдээ илэрхийлсэн.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид эрх зүйт, ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир аливаа этгээдийн гэм бурууг зөвхөн хууль, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа л тогтоодог. Одоогоор бид гэм буруугийн талаар ярих боломжгүй. Мөрдөн байцаах байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Энэ талаар нарийвчилсан мэдээлэл өгөх хууль зүйн боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч байгаль орчны үнэлгээ, хохирлын хэмжээг тогтоохоор шинжээч томилдог. Ажлын хэсэг холбогдох уялдаа холбоогоо хангаж ажиллах байх. "Мобиком" корпорацын зүгээс байгаль орчны үнэлгээ, хохирлыг тогтоохтой холбоотойгоор улс орон, орон нутагт шаардлагатай байгаа зардлууд болон тусламж, дэмжлэгийг бүх талаас нь үзүүлж, хамтран ажиллах болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.