Хөл бөмбөгчин О.Одбаярыг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчлав

Хөл бөмбөгчин О.Одбаярыг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчлав

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан О.Одбаяр болон түүний найз бүсгүй Д.Мандухай нарыг хар тамхины хэрэгт холбогдуулан Туркийн хууль сахиулах байгууллагынхан энэ сарын 23-нд саатуулжээ. Тус улсын цагдаагийнхан Истанбул хотын Сарыер дүүрэг дэх орон сууцын хороололд хар тамхи наймаалагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэрээ Интерполын Улаан болон Хөх булант зарлан мэдээлэх сүлжээгээр олон улсад эрэн сурвалжилж буй манай хоёр иргэнийг саатуулсан аж.

О.Одбаярыг эх орон руугаа удаа дараа багагүй хэмжээний мансууруулах бодис илгээж, ойр тойрны хүмүүсээрээ заруулж байсан гэх үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас олон улсад эрэн сурвалжлуулж байсан юм. Харин Туркийн хууль сахиулагчид түүнийг мансууруулах бодис наймаалдаг олон улсын сүлжээний гишүүнээр элсэн, барааг нь борлуулахад оролцдог байж болзошгүй хэмээн саатуулсан гэх мэдээлэл байна.

Баттай эх сурвалжуудын өгүүлснээр Монгол Улсад хууль бусаар худалдаж байгаа хар тамхины нэг төрөл болох “мөс”-ийг нийлүүлэгчдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор Туркийн хууль сахиулагчидтай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд тэднийг баривчилсан гэнэ. Юутай ч Туркийн хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дараа нь манай талд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэх юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.