Иргэдийн зөрчилдөөнөөс төр нь өөрөө завшигч болж үлдэж байна
Монгол Улсад уул уурхайгаас болж эрх нь бодитоор зөрчигдөж байгаа иргэд болон төлбөртэй, улс төрийн зорилготой зохион байгуулалттай бүлгийг ялгаж чадахгүй байна гэж олон улсын тайлан дүгнэжээ.
Дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн индексээр Монгол улс дэлхийн харьцангуй тайван эрсдэл багатай гэж үнэлэгджээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн санаачилга” байгууллагаас гаргасан тус тайланд дэлхийн улс орнуудын хууль бус зах зээл, хүн худалдаалах, мансууруулах бодис болон зэвсгийн наймаа цахим гэмт хэрэг зэрэг олон үзүүлэлтийг нэгтгэн дүгнэдэг. Тус үзүүлэлтэд манай улс гурав дахь удаагаа үнэлэгдсэн нь энэ юм. Монголын уул уурхайн салбартай холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийн эрсдэлийг авч үзэхдээ нэгэн анхаарал татах асуудлыг дурджээ. Тодруулбал, Уул уурхайгаас болж эрх нь бодитоор зөрчигдөж байгаа иргэд болон төлбөртэй, улс төрийн зорилготой зохион байгуулалттай бүлгийг ялгаж чадахгүй байна гэж дүгнэжээ.
Тус эрсдэлийн тайланд манай улсад рекетлэх дээрэмдэх, заналхийлэх гэмт хэргийн гаралт өндөр хувьтай гэж мэдээлжээ. Зарим бүлэг орон нутгийн эрх ашгийг хамгаалж буй иргэний хөдөлгөөн мэтээр харагдан, уул уурхайн компаниудаас төлбөр шаардах тохиолдол ч бүртгэгдсэн байна. Эдгээр зохион байгуулалттай бүлгийн ард улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан хаагчид , хүчний байгууллагаас зохион байгуулалтад оролцож байх магадлалтай. Эдгээр иргэдийн эрх нь бодитоор зөрчигдөж байгаа иргэдээс ялгаж чадахгүй байна. Тус зохион байгуулалттай бүлэг нь гэмт хэргийн бүлэг болох магадлалтай гэж дүгнэжээ.
Манай улсад уул уурхайн салбар хөгжөөд 30 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч иргэдийн эсэргүүцэл байсаар л байна. Энэ нь уул уурхайн нөлөөллийг тогтоож чадахгүй байгаатай холбоотой. Нэг уул уурхайн төслийн нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь харилцан адилгүй. Харин хуримтлагдсан тохиолдолд энэ нь өөр утгыг илэрхийлнэ. Жишээ нь Дорноговь аймгийн Айраг суманд 98 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг ч тус суманд 120 хүүхдийн цэцэрлэг болон Хаан банкны байрнаас өөр бүтээн байгуулалт хийгдээгүй өнөөдөртэй золгожээ. Ингэхээр 98 тусгай зөвшөөрөл олгогдсон ч иргэдийн нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл тус нутагт үлдсэнгүй. Харин тус тусгай зөвшөөрөл авсан компаниудын өгсөн хандив, тусламж нь өнгөрсөн жилүүдэд наадмын морь, бөхийн бай болоод л дуусчээ.
Эх орондоо хайр зарласан шинэ цагийн тэмцэгчид уран, газрын ховор, алт, зэс, нүүрсний ордуудын үйл ажиллагааг гацаадаг. Ингэж гацаахдаа иргэдийн сэтгэлзүйг худал мэдээллээр хангаж, лайв бичлэг хийн элдэв сөрөг бүхнийг ярьдаг. Эдгээр хүмүүс нь улс оронд хэрэг болох том төслүүдийг гацааж, шантааж хийн амь зуусаар байна. Зарим улс төрчид тэднийг тэтгэж, жагсаал цуглаан зохион байгуулах мөнгийг нь ч өгдөг гэх мэдээлэл байдаг. Сүүлийн жилүүдэд геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг буруушаах, жигшин зэвүүцэх байдал улам ихсэж байна. Гэхдээ бид тогоон дотроо л хэрэлдсээр байвал бидэнд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, бид тоглоомын тойргоос гадна үргэлж үлдсээр байхыг сануулах нь илүүц биз. Манай улсын эх оронч тэмцэгчид хятадын хөрөнгө оруулагч, ажиллах хүчнийг хүчтэйгээр эсэргүүцдэг. УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд ч энэ талаараа нэг бус удаа үг хэлсэн нь бий.
Эрх нь зөрчигдөж байгаа иргэдийнхээ төлөө төр нь юу ч хийхгүй байна гэж олон нийт бухимдах нь аргагүй юм. Нөгөө талдаа төр өөрөө тусгай зөвшөөрлөө өгсөн бизнес эрхлэгчдийнхээ эрхийг ч орхигдуулах ёсгүй. Энэ зөрчилдөөнөөс төр нь өөрөө завшигч болж үлдээд байна. Иймд бизнес эрхлэгч, иргэд, шийдвэр гаргагч нарын гурвалсан бүтэцийг монголд бий болгох зайлшгүй шаардлагатай юм.
Геологи, уул уурхайн салбарт өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг, нийт экспортын 90 гаруй хувийг, төсвийн орлогын 33 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж байна. Африкийн зарим орнуудад болон манай улсад шантааж хийх нь иргэдийн амьжиргаа, боловсрол, авилгатай шууд холбоотой. Манай улсын иргэдийн 27.1 хувь нь ядуугаас доош түвшинд амьдарч байна. Түүнчлэн ДНБ-ийн өсөлт 7.7 хувьд хүрсэн нь дэлхийд ч өндөрт үнэлгэдэх тоо. Гэсэн ч энэ өсөлт иргэдийн амьдралд шууд утгаараа нөлөөлөл үзүүлж чадахгүй байсаар байгаа нь бодлогын алдаа гэдгийг судлаач хэлж байна.
Гэхдээ иргэний нийгмийн бүхий л байгууллага асуудалтай, шантаачид гэвэл энэ нь үнэнд гүйцэгдэнэ. Төрийн хийх ёстой ажлаа орхигдуулсныг иргэний нийгмийн байгууллага нөхөж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн ч бий гэдгийг энд цохон тэмдэглэх нь зөв юм.
Хуурамч эх орончдын дуу хоолой цахим орчинд “эрэлхэг тэмцэгч” “үнэний дуу хоолой” мэтээр ойлгогдож, тэдний түгээсэн мэдээлэлд шүүлтүүргүй итгэх хүмүүс олноор байсаар байна. Эх орон, газар нутгийнхаа төлөө гэх нэрийн дор улс орны бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр зэрэг бүхий л зүйлсийг эсэргүүцдэг, шүүмжлэгчдийн арми бий болоод удаж байна. Тус армийн эсэргүүцэл нь олон төрөл. Нэг хэсэг нь талбай дээр гарч жагсаал цуглаан хийдэг бол зөвхөн сошиал орчинд олныг төөрөгдүүлсэн мэдээлэл гаргах нь ч бий. Эцэст нь хэлэхэд уул уурхайгаас болж эрх нь бодитоор зөрчигдөж байгаа иргэд болон төлбөртэй, улс төрийн зорилготой зохион байгуулалттай бүлгийг ялгах ажлаа төр, засаг өөрсдөө хийх нь чухал байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.