Алуурчин Ц.Дагвадоржид холбогдох шийдвэрийг 10.30 цагт Дээд шүүх танилцуулна
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
Анхан шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, тэднийг прокуророос буруутгасан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг заавал ял шийтгэл оноох ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн билээ.
Олны анхааралд өртсөн энэ хэргийн гол буруутан Ц.Дагвадорж нь 2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-г хөнөөн цогцсыг нь чемоданд хийсэн, үүнээсээ өмнө 32 настай Т.З гэх бүсгүйн амийг бүрэлгэж, ханын шүүгээнд нуусан. Мөн Т.З-гийн амийг хохироосны дараа эд зүйлийг нь устгаж гэмтээсэн, фэйсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм.
Шүүхээс Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр хүнийг хөнөөсөн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийлгэхийн тулд хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, бусдын эд хөрөнгийг устгаж багагүй хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд халдаж мэдээллийг нь ашиглах боломжгүй болгосон гэм буруутайд тооцсон. Улмаар хорих, зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, хаалттай дэглэмд бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүний учруулсан хохиролд 486 сая гаруй төгрөг Ц.Дагвадоржоос гаргуулж, 256 саяыг нь Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяад, 205.7 саяыг Т.З-ын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад болон эд хөрөнгөө залилуулсан, устгуулсан хүмүүст тодорхой хэмжээний мөнгө олгуулахаар болсон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард дээрх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээсэн бол Улсын дээд шүүхийн шүүгч нар дугаар шилжих мөчид зөвлөлдөж дуусаагүй, шийдвэрээ гаргаагүй байлаа. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр 10.30 цагт шийдвэрээ танилцуулна гэдгээ мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.