🔴М.Мандхай: Улсын төсвийн арван их наядын тэлэлт нь шууд утгаараа үнийн өсөлтийг өдөөх эрсдэлтэй
Ирэх оны төсвийн нийт зарлага өмнөх онтой харьцуулахад 43.6 их наяд төгрөгт хүрч, ихээхэн хэмжээгээр тэлж байгаа нь тэтгэврийг нэмэгдүүлэх боломж олгох хэдий ч эдийн засагт томоохон дарамт учруулахаар хэмээн УИХ-ын гишүүн М.Мандхай дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Төсвийн зардал 10 их наядаар нэмэгдэж байгаа нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон эмийн үнэ төдий чинээ өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсөв 10 дахин нэмэгдэхэд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс буурсан тохиолдол үгүй билээ. Иймд 10 их наядын тэлэлт нь шууд утгаараа үнийн өсөлтийг өдөөх эрсдэлтэй байна.
Засгийн газрын зүгээс үнийн өсөлттэй холбогдуулан өрхийн орлогыг дэмжих, нийгмийн баталгааг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд цалин, тэтгэврийг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байгаа. Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх нь зөв шийдвэр боловч заавал төсвийг ийнхүү үлэмж хэмжээгээр тэлж шийдэх нь учир дутагдалтай байна. Учир нь төсвийг тэлэхгүйгээр одоо байгаа дотоод үр ашиггүй зардлуудаа танаж хэмнэх бүрэн боломж байсан юм. Тухайлбал, дарга нарын тансаглал, төрийн данхар бүтцийн их хэмжээний төсөв, бодит амьдрал дээр үр дүн өгөөгүй, ажлын байр бий болгоогүй үр ашиггүй зардлуудыг хэмнэснээр цалин, тэтгэврийн эх үүсвэрийг шийдэх боломжтой байв.
Хөдөө аж ахуйн салбарын төсвийг авч үзвэл нийт 1.65 их наяд орчим төгрөг суугдсанаас 500 гаруй тэрбум төгрөг нь татаас, урамшуулал, зээлийн хүүгийн төрийн дэмжлэгт тусгагджээ. Харин хөрөнгө оруулалтад ердөө 147 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ нь ганц хоёрхон том төсөл рүү чиглэж байна. Гэтэл бодит байдал дээр малын годрон, цэцэг өвчин зэрэг халдварт өвчинтэй тэмцэх нэн шаардлагатай вакцинжуулалт, нөөц бэлтгэл, "Биокомбинат"-д вакцин үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн малын эмч нарын олгогдоогүй үлдсэн гүйцэтгэлийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг нэн тулгамдсан асуудалд дорвитой төсөв тавигдаагүй байна. Эндээс төр засаг хөдөө аж ахуйн чиглэлээр ямар бодлого баримталж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд ажлын байр нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийг дэмжих, эсвэл малыг эрүүлжүүлэн иргэдийг эрүүл хүнсээр хангах бодлогын аль нь нэн тэргүүнд тавигдаж буйг тодорхой болгох шаардлагатай байна.
Түүнчлэн төсөвт тоног төхөөрөмжийн зардалд 36 тэрбум төгрөг тусгасан нь ямар ч тайлбаргүй, тодорхой бус болохыг Үндэсний аудитын газар тайландаа дүгнэжээ. Энэхүү зардал нь салбарын яамыг хууль зөрчин Дархан руу нүүлгэсэн асуудалтай холбоотой юм.
Дархан руу нүүсэн ажилтнууд эргэн нийслэлд ирж ажиллахын тулд өмнөх байраа алдсан тул байр түрээслэх шаардлага үүсэж, улсын төсөвт түрээсийн зардал нэмж суужээ. Мөн Дарханы байрнаас авчирсан тавилга, хэрэгсэл шинэ байранд таарахгүй гэх шалтгаанаар ширээ, сандал, тоног төхөөрөмж шинээр авах нэмэлт зардал тусгасан байна.
Салбарын сайдын хууль зөрчсөн хариуцлагагүй шийдвэрээс үүдсэн алдааг залруулахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 36 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа нь зарчмын хувьд ноцтой хариуцлагагүй асуудал бөгөөд үүнийг шалгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Төсвийн 10 их наядын тэлэлтийн гол эх үүсвэрийг төрийн өмчит компаниудын (ТӨК) ногдол ашиг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь өөрөө 20 орчим хувийг эзэлж байгаа юм. УИХ-ын хяналтаас гадуур үр ашиггүй зарцуулагдаж, урамшуулал нэрээр олгогддог байсан хөрөнгийг төсвийн хяналтад оруулж орлогыг нэмэгдүүлэхээр зорьж буй ч нөгөө талдаа УИХ Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) шиг ажиллах эрсдэл бий болгож байна. Хэрэв ТӨК-ууд цаашид алдагдалтай ажиллавал УИХ зохих хяналтаа тавиагүй гэх шүүмжлэлд өртөхөөр байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Засгийн газар онцгойлон анхаарах шаардлагатай бөгөөд эдгээр аудит хийсэн тайлангууд нь иргэдэд нээлттэй байгаа юм. Тухайлбал, аудитын тайланд Дархан руу нүүлгэсэн асуудал нь хууль зөрчсөн төдийгүй Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн биржийн ашгийг хорогдуулан санхүүжилт татсан болохыг илрүүлжээ. Нэг улстөрчийн хууль бус шийдвэрээс үүдсэн зардлыг татвар төлөгчид үүрэх учиргүй тул энэ бүх үр дүнг тайлагнаж, хариуцлага тооцох асуудлыг нэн даруй хөндөх ёстой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.