🔴Т.Мөнхсайхан: Ерөнхий боловсролын VI, VII ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгдөг болно

AI хөрвүүлсэн
🔴Т.Мөнхсайхан: Ерөнхий боловсролын VI, VII ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгдөг болно

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт үе шаттайгаар бүрэн хамруулах санаачилга гарган ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: 

-Хүүхдүүдийг таван жилийн турш өдөр бүр хоол идэж дасгачихаад, зургаадугаар ангид ороход нь гэнэт олгохоо больж, хүүхдүүдийг хүнд байдалд оруулдаг тогтолцоо үйлчилж байна. Тиймээс ЕБС-ийн бүх сурагчдад үдийн хоолыг эрх тэгш олгодог болгох санаачилгыг миний бие УИХ-ын гишүүний хувьд гарган ажиллаж байна. Зорилго нь 2028 он гэхэд бүх ангийн хүүхдүүдийг үдийн хоолонд бүрэн хамруулах явдал юм. Үүний тулд эхний ээлжид 2027 он гэхэд дор хаяж 6, 7 дугаар ангийн сурагчдыг нэмж хамруулъя, шаардагдах төсөв хөрөнгийг нь шийдье гэдэг асуудлыг Төсвийн ажлын хэсэгт тавьсан. Ажлын хэсгийн гишүүд дэмжиж, ажил нэлээд урагштай явж байна. Ингэснээр 2027 онд 1-7 дугаар ангийн бүх сурагч үдийн хоолонд хамрагдах боломж бүрдэх бөгөөд улмаар 2028 он гэхэд үлдсэн 8-12 дугаар ангийнхныг бүрэн хамруулахаар төлөвлөж байна. 

Бүх сурагчдыг үдийн хоолонд бүрэн хамруулахын тулд санхүүжилтийн хувьд хоёр үндсэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. 

Нэгдүгээрт, бүх хүүхдийг хамруулахын тулд ЕБС-иудын хоол үйлдвэрлэл, гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд улсын хэмжээний бүх сургуулиудад тооцоо хийж үзэхэд 140 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 

Хоёрдугаарт, үлдэж буй ахлах, дунд ангийн бүх сурагчдыг хоолоор хангахад жилд 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардагдана. Ингэснээр 2028 оны төсөвт нийт 1.44-1.45 их наяд орчим төгрөгийг нэмж суулгаснаар ЕБС-ийн бүх хүүхэд үдийн хоолонд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэнэ. 

Хүүхдүүд яг ид өсөж, бойжиж буй энэ чухал насан дээрээ үдийн хоолонд хамрагдаж чадахгүй байна. Боломжтой зарим айл өрхүүд хүүхдэдээ шим тэжээлтэй хоол бэлтгээд явуулж байгаа ч дийлэнх эцэг эхчүүдэд тийм боломж алга. Ихэнх сурагчид сургуулийн ойр орчмоос хагас боловсруулсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн авч идэж байна. Иймээс ирээдүй болсон хүүхдүүдээ ЕБС-д сурч байх үед нь бүгдийг нь эрх тэгш үдийн хоолоор хангана гэдэг нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн маш том бодлого мөн. Өнөөдөр үүнд зарцуулж буй хөрөнгө оруулалт ирээдүйд өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбарын зардлыг хэдэн мянга дахин хэмнэх боломжийг бий болгоно. 

Тиймээс бид 2028 он гэхэд бүх хүүхдээ үдийн хоолонд хамруулъя, 2027 онд 6, 7 дугаар ангийн сурагчдыг нэмье гэсэн зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд эхний ээлжид шаардлагатай 87 тэрбум төгрөгийн төсвийг ирэх оны төсөвт суулгах саналыг ажлын хэсэгт оруулан дэмжүүлээд байна. Төсвийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн дэмжигдвэл ирэх жилээс 6, 7 дугаар ангийн сурагчид үдийн хоолондоо хамрагдах юм. Мөн 2027 оны төсөв дээр одоогоос анхаарч, Боловсролын яаманд асуулга тавьсан. 2028 онд бүх сургууль бүрэн хамрагдахад яг аль сургууль дээр хэчнээн төгрөг шаардлагатай байгаа тооцоо судалгааг одооноос нарийвчлан гаргах чиглэлээр ажиллаж байна. 

Өмнө нь нэг хүүхдийн зөвхөн үдийн хоолны материалын зардал 2500 төгрөг байсныг ирэх оны төсөвт 3500 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүн дээр ажиллах хүчний зардал болон бусад урсгал зардлууд нэмэгдэхээр нэг хүүхдэд 7000 орчим төгрөг болж байгаа юм. Харин дээрх 80 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийн тухайд зарчмын зөрөөтэй санал гаргахдаа тодорхой болгосон. Тодорхой хөрөнгө оруулалтын зардлуудаас хасаж, хүүхдийн үдийн хоол руу шилжүүлэх шийдлийг ажлын хэсэг дэмжсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.