МХЕГ-ын албан тушаалтнуудад 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ

МХЕГ-ын албан тушаалтнуудад 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан А.Бямбадорж болон “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженер асан Б.Мөнхсайхан нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тэд хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-т хяналтын улсын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаал хашиж байхдаа аж ахуйн нэгжийн удирдлагаас хясан боогдуулах замаар хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, А.Бямбадорж нь МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа байцаагч Б.Мөнхсайханы хамаарал бүхий хүн болох Д.Гансэрээгийн эзэмшлийн “Армос” гэх компаниар ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд тавьсан гэнэ. Улмаар тухайн компаниас иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ бүрээс 20 хувийн урамшуулал авсан хэрэгт холбогдсон юм.

Мөн ус, хийн шугам, хоолой, даралтат сав, шатахуун ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд тухайн компанийг санал болгосны хариуд 162 гаруй сая төгрөгийн хахуулийг “Армос”-ын дансаар дамжуулан авсан хэмээн холбогдсон билээ. А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарт холбогдох хэргийг дээрх шүүхийн шүүгч Ч.Алдар даргалан өчигдөр хийгээд, тэднийг нийтийн албанд ажиллах эрхийг тус бүр найман жил хасаж, 35 сая төгрөгөөр торгох ял оноохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ уг хоёр шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногуудыг хасаж, нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр болсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.