🔴М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шүгэл үлээсны төлөө сайдын туслах миний биед халдлаа
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үед нь Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах өөрийнх нь биед халдсан талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Өнөөдөр Төрийн ордонд, өрөөнийхөө үүдэнд "News.mn" сайтын сэтгүүлчид ярилцлага өгөөд зогсож байтал хажуунаас нэг эмэгтэй орж ирж над руу дайрсан. Би "Ярилцлага өгч байна шүү дээ" гэж хэлж, сэтгүүлч ч бас "Ярилцлага авч байна" гэдгээ хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй цаашаа явснаа эргэж ирэн үнэмлэхээ үзүүлээд "Би сайд Б.Найдалаагийн туслах байна. Чи Б.Найдалаа сайдын туслахыг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч болох гэж байна гэж худлаа ярилаа. Би туслах нь байна" гээд над руу дайраад байсан. Бид ярилцлагаа дуусгаад, аргаа барахдаа би өөрийнхөө утсыг гарган бичлэг хийх гэтэл миний гар луу шууд цохиод авсан.
Сайдынх нь туслах Төрийн ордны коридорт хүрч ирээд хүнийг барьж аваад зодох нь холгүй ийм л байна. Хүн ярилцлага өгөөд зогсож байхад зодох нь үү? Би энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандлаа. Үүнд Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын байгууллага анхаарах ёстой. УИХ бол бие даасан байдлаар ажиллах ёстой. УИХ-ын гишүүн хүн хэнээс ч айж эмээхгүйгээр асуудлыг гарган, улс орны сайн сайхны төлөө ажиллах учиртай.
Би сүүлийн үед эрчим хүчний салбарын асуудлаар маш их шүгэл үлээж, асуудал хөндөж байгаа. Тэгтэл туслах нь Төрийн ордонд орж ирээд миний биед халдаж байна. Хэрэв коридор, гудамжинд таарвал барьж аваад зодох, цохих, алах нь байна шүү дээ.
Энэ бол зөвхөн 126 гишүүний дуу хоолой болж яваа нэг гишүүнийг дарамталж буй асуудал биш. Энэ бол парламентын бие даасан, халдашгүй байдалд халдаж байгаа маш том асуудал. Өнөөдөр би айгаад дуугарахгүй өнгөрвөл 126 гишүүн яаж бие даасан байдлаар ард түмний төлөө болохгүй бүтэхгүйг гаргаж тавьж ажиллах юм бэ.
Б.Найдалаа сайд өмнөх туслахаа Диспетчерийн үндэсний төвийн Эдийн засгийн албаны даргаар томилсон бөгөөд одоо түүнийгээ албан бусаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар тавих гэж байна гэж салбарынхан надад хандсан. Учир нь энэ салбарынхан намайг төлөөлөл гэж үздэг учраас ажлаас халагдсан болон болохгүй байгаа бүх мэдээллээ надад гаргаж өгдөг. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч гэдэг бол цахилгаан, дулааны тарифыг баталдаг, мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Гэтэл туслахаа Диспетчерийн үндэсний төвийн албаны даргаар тавьж, улмаар зохицуулагч болгох гэж байгаа тул салбарынхан өөрсдөө дуугарч чадахгүй, хамгаалах ганц хүн нь би юм шиг хандаж байна.
Өнөөдөр маш олон хүн ажлаасаа үндэслэлгүй халагдаж, хууль бусаар ажлаа өгөн шүүхдэж байна. Би Эрчим хүчний яам руу сайд томилогдсоноосоо хойш ХҮН намд хэдэн хүн элсүүлсэн, хэдэн хүнийг халсан, багш, жолооч мэргэжилтэй хэчнээн хүнийг удирдлагаар тавьсан, хэдэн хүн шүүхдэж байгаа талаар асуулга явуулсан. Шүүхээр явахаар ажлаас халагдсаны нөхөн төлбөр гэж хэдэн зуун сая төгрөг гарч ирдэг. Тэр их мөнгийг Найдалаа сайд төлөхгүй, түр хугацаанд ажиллаад л яваад өгнө. Үр дагаврыг нь яам, салбар үүрч хоцорно. Эрчим хүчний салбар хүний нөөцийг олон жилийн цаг хугацаа, хүч хөдөлмөрөөр бэлтгэдэг байтал тэр бүх хүмүүсийг халж сольж байна. Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл мэргэжлийн бус хүн байгаа бөгөөд гишүүдийн асуултад нэг ч мэргэжлийн хариулт өгч чадахгүй суудаг. Энэ онцгой салбарын бодлого, хүний нөөцийг бүрэн самарлаа. Цахилгаан экспортлоно гэж худлаа хэлээд эсрэгээрээ эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийг эрчим хүчний хувьд Хятадаас бүрэн хараат байдалд оруулчихлаа. Энэ бүхнийг ярьсных нь төлөө сайдынх нь туслах хүрч ирээд намайг зодох гэж, над руу халдаж байна. Энэ бичлэг дээр шууд гар луу цохиж байгаа нь тодорхой харагдана. Хэрэв гудамжинд явж байсан бол цохиод алах нь байна шүү дээ. Ийм байж болохгүй бөгөөд энэ бол зөвхөн М.Энхцэцэг гишүүний асуудал биш гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.