Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улс гурван улстай бизнес форум зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүд байгуулжээ. Тухайлбал, Герман-Монголын бизнес форумын үеэр нийт 35.5 сая ам.долларын үнийн дүн бүхий зургаан гэрээ, санамж бичиг байгуулсан бол Финланд-Монголын бизнес форумын хүрээнд 10 сая ам.долларын үнийн дүнтэй зургаан баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Харин Беларусь-Монголын бизнес форумын үеэр 50 сая ам.долларын үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулж, нийт 17 баримт бичигт гарын үсэг зуржээ. Герман Улсад хийсэн айлчлалын хүрээнд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тунхаглал байгуулж, хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэв.
Мөн Берлин хотноо “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээж, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болжээ. Түүнчлэн Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг төрийн айлчлалын хүрээнд анх удаа зохион байгуулж, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг шалгаруулсан байна. Шалгарсан төслүүдэд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгох аж.
Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хооронд долоон баримт бичиг байгуулсан бөгөөд Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалын самбарыг нээжээ. Финланд Улсад хийсэн айлчлалаар хоёр улсын боловсрол, соёл, бизнесийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 10 баримт бичиг байгуулсан байна.
Беларусь Улсад хийсэн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов. Мөн спорт, хөдөө аж ахуй, итгэмжлэл, хөнгөн үйлдвэр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор есөн баримт бичиг байгуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.