🔴Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өглөө. Засгийн газрын хуралдаанаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоох тухай” болон “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолуудыг баталлаа. Ингэснээр өмнө нь нэмэгдээгүй үлдсэн байсан салбаруудын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4330 төрийн байгууллагад 213.6 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. 

  • 3644 нь төрийн улс төрийн албан хаагч,
  • 20527 нь төрийн захиргааны албан хаагч,
  • 49871 нь төрийн тусгай албан хаагч,
  • 139569 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Эдгээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 2026 оны улсын төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөгийг суулгасан бөгөөд шийдвэр 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Салбар бүрээр авч үзвэл:

  • Эрүүл мэндийн салбар: ТҮЭМ-7 зэрэглэлийн албан хаагчийн цалин 2 сая 128 мянган төгрөг байсан бол 328 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 456 мянган төгрөг болно. Нарийн мэргэжлийн их эмчийн цалин 2 сая 27 мянган төгрөг байсан бол 2 сая 339 мянган төгрөг болж байна. Түүнчлэн орон нутгийн нэмэгдэл болох аймагт 20 хувь, суманд 40 хувийн нэмэгдэл хэвээр тооцогдоно. Жишээлбэл, Улаанбаатарт 2 сая 226 мянган төгрөгийн цалинтай ажиллаж буй их эмч аймагт ажиллавал нэмэгдлүүдтэйгээ 3 сая 339 мянган төгрөгийн цалин авна.
  • Шинжлэх ухааны салбар: Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөг байсан нь 573 мянган төгрөгөөр нэмэгдэж 2 сая 456 мянган төгрөг болно. Нэгдүгээр зэрэглэлийн туслах ажилтны цалин 1 сая 475 мянган төгрөгөөс 450 мянган төгрөгөөр нэмэгдэж 1 сая 925 мянган төгрөг болж байна.
  • Соёл урлаг, спортын салбар: Туслах ажилтны цалин 1 сая 166 мянган төгрөг байсан бол 583 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 749 мянган төгрөг авна. Орон нутгийн театр, соёлын төвийн ажилтнуудын цалин нийслэлээс илүү байх зохицуулалтаар сумын төвд ажиллаж буй ажилтан 3 сая 605 мянган төгрөг авах боломж бүрдлээ.
  • Төрийн мэргэжлийн үйлчилгээ: ЦУОШГ-ын ерөнхий инженер, нягтлан бодогчийн цалин 1 сая 559 мянган төгрөг байсныг 780 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 2 сая 339 мянган төгрөг болгов.
  • Нийтлэг үйлчилгээний албан хаагчид: Манаач, харуул, үйлчлэгч, тогооч зэрэг ажилтнуудын цалин 954 мянган төгрөг байсан бол 777 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 431 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 11 дүгээр сарын 1-нээс дараах байдлаар нэмэгдүүлж олгохоор шийдвэрлэв.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 25.5 хувиар нэмэгдүүлж, 478 мянган төгрөг байсныг 600 мянган төгрөг болголоо.
  • Ахмад настан, тэжээгчээ алдсан хүүхэд, өрх толгойлсон эх/эцэгт олгох тэтгэврийг 38.9 хувиар нэмэгдүүлж, 432 мянган төгрөг байсныг 600 мянган төгрөг болгов.
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 25.5 хувиар нэмэгдүүлэн 600 мянган төгрөг болгосон.
  • Асаргааны тэтгэмжийг 12.1 хувиар нэмэгдүүлж, 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болгов.
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэний тэтгэмж 484 мянган төгрөг байсныг 524 мянган төгрөг болгон тус тус шинэчиллээ.

Эдгээр нэмэгдүүлсэн дүн нь цаашид 2027 оны төсөвт суугдаж, тасралтгүй үргэлжлэх болно. Мөн үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр улсын нөөц бүрдүүлэлт, эмийн үнийн тогтворжуулалтын арга хэмжээг давхар хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд энэ жил орлого багатай 5000 өрхтэй тулж ажиллан, 19 мянган иргэнийг амьжиргааны түвшнээс дээш гаргах хөтөлбөрийг эхлүүлээд байна гэв. 

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: 

-ХХААХҮ-ийн салбарын тухайд Засгийн газрын хуралдаанаар хоёр чухал асуудал хэлэлцэгдсэн. Нэгдүгээрт, ямааны годрон өвчний тархалттай холбогдуулан устгалд оруулсан 24 мянга гаруй ямааны нөхөн төлбөрт зориулж Засгийн газрын нөөц сангаас 5.3 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Хохирсон 58 өрхийн хохирлыг төрөөс барагдуулж, буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгон хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Уг өвчний эсрэг дотооддоо үйлдвэрлэх вакцины туршилт судалгаа дуусаж, 11 дүгээр сарын дунд үе гэхэд үйлдвэрлэлд бүрэн нэвтрэхээр байна.

Хоёрдугаарт, үнийн өсөлтийг тогтворжуулах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 120 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 89-90 хувьтай үргэлжилж байна. Нийт хураан авсан ургацаас улсын нөөцөд 109.6 мянган тонн үр тариаг тариаланчдаас худалдан авсан бол гурилын үйлдвэрүүд 190 орчим мянган тонн буудай татан аваад байна. Мөн анх удаа төрөөс төмс, хүнсний ногоо тариаланчдаас Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 12 мянган тонн ногоо нөөцлөх ажлыг эхлүүлж, энэ нь цаашид захиалгат тариалангийн тогтолцоо бүрдэх үндэс болж байна. Түүнчлэн нийслэлийн махны нөөц бүрдүүлэлтэд 10.9 тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгох, шатахууны таван мянган тонн нөөц бүрдүүлэх зэрэг ажлууд хуваарийн дагуу хэрэгжиж байна гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.