🔴Б.Чагнаадорж: "Эрдэнэс тавантолгой" ХК өнөөдрийн байдлаар 28.2 сая тонн нүүрс экспортолсон
"Эрдэнэс тавантолгой" ХК энэ онд нийт 33 сая тонн нүүрс экспортлохоор бизнес төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд 2026 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28.2 сая тонныг экспортолж, төлөвлөгөөгөө 133 хувиар давуулан биелүүлээд байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдээллээ.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж:
-Гашуунсухайт боомтод өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос эхлэн хийгдэж байгаатай холбоотойгоор хилийн нэвтрэлтийн биет хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан. Хэвийн нөхцөлд сард дунджаар гурван сая тонн хүртэл нүүрс тээвэрлэн гаргадаг байсан бол засвар, шинэчлэлийн үед сарын экспортын хэмжээ дунджаар 1.9 сая тонн болж буурсан үзүүлэлттэй байна.
Манай компани баталсан бизнес төлөвлөгөөгөөрөө энэ жил 33 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр төлөвлөгөөгөө 133 хувиар давуулан биелүүлж байсан бөгөөд хэрэв боомтын өргөтгөлийн ажил хийгдээгүй байсан бол жилийн нийт экспортын хэмжээг төлөвлөснөөс 5 сая тонноор давуулж, 38 сая тоннд хүргэх боломжтой байсан. Гэсэн ч бид батлагдсан 33 сая тонны төлөвлөгөөгөө бүрэн хангаж ажиллана.
Мөн ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтийн биет хэмжээ дахин таван сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр ирэх онд "Эрдэнэс тавантолгой" ХК 40 сая тонн нүүрс олборлож, экспортын биет хэмжээг таваг сая тонноор ахиулах төсөөлөлтэй ажиллаж байна.
Оюу толгой ХХК-ийн баяжмалын тээвэрлэлттэй холбоотой асуудалд тухайн компани өөрсдөө байр сууриа илэрхийлэх байх. Манай компанийн хувьд нүүрсний экспортод ямар нэг хүндрэл гараагүй, хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн жил Гашуунсухайт боомтоор Хятадын талтай 40 сая тонн нүүрс нэвтрүүлэхээр тохирч, гүйцэтгэлээр 40.8 сая тонныг гаргасан. Харин энэ жилийн хувьд албан бус мэдээллээр боомтын түвшинд 45 сая тонныг экспортлох төлөвтэй байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 39 сая тонн нүүрс гараад байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.