🔴Н.Алтанхуяг: Надад холбогдох хэргийг анхан шат руу буцаана гэдэг "ял өг" гэсэн далд агуулгатай
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэг болон шүүхийн шийдвэр, мөн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Хөгжлийн банкны хэргээс одоо 30 гаруй хүн үлдсэн. Тэдгээр хүмүүсийн хэргийг өмнө нь Дээд шүүх буцааж байсан бол сая Нийслэлийн давж заалдах шатны шүүх дахин анхан шат руу буцаалаа. Ер нь хэрэг буцаадаг заалт 2022 онд хүчингүй болсон шүү дээ. Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гурван гишүүний санаачилж батлуулсан хуулийн үзэл баримтлалаар нотолж чадвал ялыг нь өг, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн хоёрхон гарцтай болгосон. Хэргийг буцаадаг гурав дахь замыг хаасан юм.
Гэтэл 2022 оноос хойших хугацаанд 1500 гаруй хэргийг шүүхээс буцаачихсан байна гэсэн бичиг Хууль зүйн байнгын хороонд ирсэн. УИХ хууль баталчихаад байхад яагаад хууль зөрчин хэрэг буцаагаад байгаа юм бэ..
Нийслэлийн шүүхийн буцаасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн Улсын Дээд шүүхэд хандсан ч Дээд шүүх түүнийг нь хэвээр үлдээсэн. Ингэснээр энэ хэрэг хоёр дахь удаагаа бүрэн эргэлтээр буцаж байна. Нийслэлээс буцахаар анхан шат, дараа нь нийслэл давах, тэгээд Дээд шүүх гээд бүтэн тойрог руу дахин түлхэж байна. Хэрэг хийсэн гэж үзэж буй хүнийг мөрдөгч шалгаад, хавтаст хэрэг бүрдүүлж, прокурор хянаад шүүхэд шилжүүлдэг. Хэргийг буцааж байна гэдэг нь ял өг гэсэн далд агуулгатай, гэм буруугүй гэж гарсан асуудлыг дахин гэм буруугийн хурал хийлгэх гэсэн хуулийн концепцийг алдагдуулсан хэлбэр болчихлоо. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд, О.Алтангэрэл тэргүүтэй гишүүд ч энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхээр мэдээлсэн, тэнд энэ асуудлыг сайн ярих байх.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэг их горилж горьдоод байгаа юм надад алга. Гэхдээ улс орондоо хэрээс хэтэрсэн шударга бус байдал, авлига албан тушаалын хэргийг засаж, жаахан юм хийчих юмсан гэж бодож нэр дэвшихээр зорьж байсан. Харин одоо бол горьдлого тасарч байна. Би УИХ-ын бүрэн эрхтэй гишүүн хэрнээ анхан шат, давах, хяналтын шат, дахин анхан, давах гээд шүүхээр нийт таван удаа орж байна. Үүнээс гурван удаа цагаатгагдаж, хоёр удаа хэрэг буцлаа. Энэ нь намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хатуу зорилготой үйл явц гэдгийг би бүрэн ойлгочихсон.
Хөгжлийн банкны хэрэгт анх 80-аад хүн татагдсанаас заримд нь ял өгч, заримыг нь цагаатгасан. Одоо үлдсэн 30-40 хүн маш хүнд нөхцөлд байна. Тэдгээр иргэд надад "Танаас болоод бид хохирч байна. Тантай хэрэг хамт байгаа учраас хэрэг цуг буцаад, бид 3-4 жил хилийн хоригтой, ажил алба ч үгүй, ар гэр ч хэцүүдлээ" гэж гомдол мэдүүлж байна. Хуулийг гууль болгодог, ийм захиалга байдаг юм байна.
Би шүүгчдийг буруутгахгүй. Учир нь шүүх намайг гурван удаа цагаатгасан. Харин хуулийн байгууллагыг захираад, буцаалгаад байгаа тэр нөлөөллийг судалж байна.
Олон улс төрчийг хардаад яах вэ. Гэхдээ сүүлийн үед манай улс нэг хаантай болчихсон юм шиг, дээрээсээ ганц хүн бүгдийг нь дохиураар хөдөлгөдөг болсон мэт дүр зураг илэрхий боллоо. Одоогоор надад нотлох баримт нь алга, гэхдээ үүнийг судалж байгаад баримттай нь ярина.
УИХ хууль батлаад ч нэмэргүй, шүүх нь бие даасан биш, захиалгаар ажилладаг бол ямар хэрэг байх вэ. 2020 оноос хойш Хууль зүйн байнгын хороонд ажиллаж, шүүхийг бие даасан болгохоор олон хууль баталсан ч хэрэгжихгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд бол миний найдвар тасарч, үүгээр дууслаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.