Японд "сүнстэй" хямд орон сууцнуудыг худалдан авах сонирхол нэмэгджээ
Япон улсад орон сууцны үнэ болон амьжиргааны зардал өсөж байгаагаас шалтгаалан амиа хорлолт, аллага, ганцаардмал үхэл зэрэг эмгэнэлт явдал гарсан үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр худалдан авах, түрээслэх хандлага эрчимжиж байгааг BBC Business мэдээллээ.
Японы нийгэмд талийгаачийн сүнс тухайн газартаа хоргоддог гэх буддизм болон шинто шашны итгэл үнэмшилтэй холбоотойгоор ийм орон сууцыг "жико бүккэн" буюу ослын ул мөртэй сууц гэж нэрлэдэг байна. Хүн ам хурдацтай өссөн болон ганцаардмал байдлаар нас барах тохиолдол нэмэгдсэнээс шалтгаалан тус улсад жилд 35-40 мянган орон сууц уг ангилалд багтах болжээ. Уламжлалт ойлголтоор эдгээр байранд хүн амьдрахаас эрс эмээдэг байсан тул зах зээл дээр худалдах, эсвэл түрээслүүлэхэд маш хүндрэлтэй байжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд барилгын зардал огцом өсөж, түрээсийн үнэ нэмэгдсэн нь залуу үеийнхэн болон хэмнэлтийг эрхэмлэгчдийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж байна.
Олон худалдан авагч сүнс хий үзэгдлийн талаарх мухар сүсгийг үл тоон, орон сууцны үнийн мэдэгдэхүйц хөнгөлөлтийг чухалчлах болжээ. Зах зээлийн ханшаас илт хямд үнээр байртай болох боломж нь амьжиргааны дарамтаа бууруулахыг хүссэн хүмүүст бодит гарц болж байна.
Энэхүү шинэ хэрэгцээг даган байрны эзэд болон түрээслэгчдийн сэтгэл зүйн айдсыг арилгах зорилготой тусгай үйлчилгээний салбар бий болжээ. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Казутоши Кодамагийн үүсгэн байгуулсан "Kachimode" компани гэхэд л шөнийн цагаар дулаан мэдрэгч камер, дуу хураагуур, агаарын даралт хэмжигч болон цахилгаан соронзон орны төхөөрөмж ашиглан нарийвчилсан шалгалт явуулдаг байна. Хэрэв ямар нэгэн хэвийн бус үзэгдэл илрээгүй бол тухайн байранд "сүнсгүй" гэсэн албан ёсны батламж олгож, зах зээлийн үнэлэмжийг нь сэргээдэг байна.
Ийм батламж бичиг нь үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчдэд орон сууцаа эргэлтэд оруулахад тусалж, түрээслэгчдэд итгэл төрүүлдэг байна. Хүн амын насжилт өндөр байгаа нөхцөлд уламжлалт сүсэг бишрэлээс татгалзаж, эдийн засгийн бодит ашиг тусыг эрэлхийлэх хандлага цаашид ч үл хөдлөх хөрөнгийн салбарт өргөжих төлөвтэй байна.
Эх сурвалж:
•
•
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.