Хулгайлагдаад 20 жил болсон түүхэн уран зургийг хиймэл оюун ухаанаар олж илрүүлжээ
Италийн соёлын өвийг хамгаалах цагдаагийн тусгай тасаг хорин жилийн өмнө хулгайд алдагдсан 17-р зууны үеийн уран зургийг хиймэл оюун ухааны дэвшилтэт систем ашиглан амжилттай олж илрүүллээ.
Сулмона хотын "Virgo Potens" сүмээс 2004 оны наймдугаар сарын 11-ний шөнө алдагдсан Гэгээн Агнесийн хөрөг бүхий тус бүтээлийг гэмт этгээдүүд танигдахгүй болгон өөрчилсөн байсан ч орчин үеийн технологийн тусламжтайгаар юу болсныг нь тогтоосон байна.
Ойролцоогоор нэг метр орчим өндөртэй уг бүтээл дээр цайвар цэнхэр болон улаан өнгийн өмсгөлтэй, цагаан хурга, далдуу модны мөчир барьсан Гэгээн Агнесийн дүрийг дүрсэлсэн байжээ. Гэмт этгээдүүд бүтээлийг мэдээллийн сангаас нуун далдлах зорилгоор гадаргуу дээр нь зориудаар будаг нэмж өөрчилсөн байна.
Тодруулбал, зургийн гол бэлгэдэл болох хурганы дүрсийг дэлгэсэн гар бичмэл болгон хувиргаж, толгойн дээрх гэгээ болон далдуу модны мөчрийг бүрэн арилгаснаар бичмэл барьсан жирийн нэгэн эмэгтэйн хөрөг болгожээ. Үүнээс үүдэн зөвхөн түлхүүр үгээр хайдаг уламжлалт каталогийн хайлтаар өөрчлөгдсөн зургийг хулгайлагдсан өвийн бүртгэлтэй холбон шалгах боломжгүй болгосон байжээ.
Уран зургийг илрүүлэх ажиллагаа Парма хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эртний эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр эхэлжээ.
Италийн Карабиньерын Соёлын өвийг хамгаалах тасгийн дэд хурандаа Сальваторе Рапикаволи тэргүүтэй мөрдөгчид урлагийн наймаачдын дэлгэсэн үзмэрүүдийн гэрэл зургийг авч, 2023 оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлсэн "SWOADS" хэмээх хиймэл оюун ухааны тусгай системд оруулсан байна. Уг технологи нь өнгөлөн далдлалтын доорх өнгөний хослол, бийрийн даралт, бүтцийн үндсэн зохиомжийг хэдхэн цагийн дотор нарийн шинжилж, өөрчлөгдсөн хэсгийг үл харгалзан алдагдсан Гэгээн Агнесийн бүтээл болохыг таньжээ. Үүний дараа шинжээчид биет үзлэг хийж, давхарлаж зурсан будгийн цаана жинхэнэ эх бүтээл байгааг эцэслэн баталгаажуулсан байна.
Хууль сахиулагчид уг бүтээлийг 2025 оны тавдугаар сарын 20-ны өдөр Сулмона хотын сүмд албан ёсоор буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд дээр нь нэмж зурсан будгийг арилган сэргээн засварлаж, байранд нь эргүүлэн залахаар төлөвлөжээ.
Харин хууль эрх зүйн хувьд хулгайн гэмт хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Түүнчлэн бүтээлийг эзэмшиж байсан Неаполь хотын худалдаачин уг зургийг гэр бүлийн бизнесээрээ дамжуулан өвлөж авсан бөгөөд хулгайн гарал үүслийн талаар мэдээгүй байсан нь тогтоогджээ.
Энэхүү үйл явдал нь түүхэн өвийг эрэн сурвалжлах ажилд шинэ технологи хэр үр дүнтэй ажиллаж буйг харуулсан томоохон жишээ болж байна. Италийн цагдаагийн албаны уг хиймэл оюун ухааны систем нь цахим сүлжээ, дуудлага худалдааны бүртгэл болон далд зах зээлийг тасралтгүй хянадаг бөгөөд 2026 он гэхэд нийт 203 сая гаруй еврогоор үнэлэгдэх 300 гаруй том хэмжээний уран зураг, хөшөө, түүнчлэн 165 мянга гаруй эртний эдлэл, зоос, гар бичмэлийг илрүүлэн буцаан авчирчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.