Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомстолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочир үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд гурван км/цаг хүртэл багассан. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан дээрх шуурхай штаб ажиллаж, мягмар гарагт дундаж хурдыг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 15 км/цаг болсон байна.

8615c4e305ad42c2946f06dc8d01ec00

Өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, шатахуун түгээлтийн үеийн автомашины оочироос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд түгжрэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болох шатахуун түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор нийслэлээс хяналтын ажлын хэсэг байгуулан, маргааш ажлыг эхлүүл. Нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавина. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөц, түгээлтийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.

23445732ab2f456a82a07c2c0cc52061

Шатахуун түгээх станцуудыг төрийн болон нийслэлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн шатахуун түгээх станцын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл захиргааны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд нийслэлээс түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн замын хүртээмжтэй байдал, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.