🔴Б.Найдалаа: Хэнээр ч заалгахгүйгээр салбараа цэвэрлэнэ
Эрчим хүчний сайд Б.Ичинхорлоо УИХ-ын гишүүний биед халдсан гэх асуудалд сайд Б.Найдалаа тайлбар өглөө.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Миний туслах, М.Энхцэцэг гишүүн хоёрын дунд юу болсныг би мэдэхгүй байна. Хэрэв гишүүнтэй хүндэтгэлгүй харьцсан бол яавч таарахгүй. Тэр хүн гүтгэж, буруу ташаа зүйл ярьж байсан ч тийм харилцаа гаргаж болохгүй. УИХ-ын гишүүн ч байна уу, хэн ч байна уу бусдын яриа дундуур зүй бусаар оролцож болохгүй. Хэрэв тийм ёс зүйгүй харилцаа гаргасан бол туслахынхаа өмнөөс УИХ-ын гишүүн М.Энхцэцэг гишүүнээс уучлалт хүсэж байна.
Эрчим хүчний салбарт зохих томилгоонуудыг хийж байгаа нь үнэн. Өмнө нь асуудал гаргасан, хариуцлага алдсан хүмүүс бий. Хэрэв асуудал гаргаагүй, сайн ажиллаж байсан бол энэ салбар өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Гаргаж буй гомдол бүрийн цаана хулгай, хариуцлагын асуудал бий. Үүнийг хэнээр ч заалгахгүйгээр, хэний ч нөлөөнд автахгүйгээр солихыг нь сольж, салбараа цэвэрлэнэ. Авлига, хулгайтай орооцолдсон, хариуцлага алдсан хүмүүсийг өөрчилж, хариуцлага тооцно.
Сарын өмнө ерөнхий инженерээр гудамжнаас хүн томилсон гэх яриа гарсан. Би горим баталж байх үед 40 гаруй ерөнхий инженерийнхээ зургийг нийтэлж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгт хандан "Гудамжнаас орж ирсэн нэг хүн байвал заагаад өг, би одоо чирээд гаргая" гэж хаягласан боловч хариу ирүүлээгүй. Эрчим хүчний салбар бол онцлогтой тул гудамжнаас хүн авчраад томилчихдог салбар биш. Сүүлд намайг туслахаа Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилсон мэт мэдээлэл гарч байна. Тус хорооны даргаар Ерөнхий сайдын томилсон Лхагвын Жамбаа нь миний туслах биш, гудамжнаас ирээгүй. Энэ хүн эрчим хүчний салбарт олон жил ажилласан, олон улсын төсөл, бодлогын түвшинд болон тус зохицуулах хороондоо ажиллаж байсан туршлагатай. Мөн БНСУ-д боловсрол эзэмшсэн салбарын өндөр түвшний мэргэжилтэн, инженер хүн. Иймээс Ерөнхий сайд, миний бие болон салбарын удирдлагын түвшинд түүнийг зөв боловсон хүчин гэж үзэж томилсон гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.