🔴Ч.Номин: Үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийг цахим орчинд хамгаална
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас харилцаа холбооны сүлжээний хүртээмж, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зарцуулалт болон хүүхдийг цахим орчинд хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгийн гурван хувийг төвлөрүүлж бүрдүүлдэг. Энэ сангаас Монгол Улсын нутаг дэвсгэрт сүлжээний дэд бүтцийн станц байгуулах, нийт хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг. Өнөөдрийн байдлаар санд 20 орчим тэрбум төгрөг цуглараад байна. Сангийн зарцуулалтыг Монгол Улсын төсөвт дээд хязгаарыг нь тусгаж баталдаг. Энэ хүрээнд төр болон хувийн хэвшил хамтран сүлжээний дэд бүтэц нэн шаардлагатай байгаа бүсүүдийг тодорхойлж, станцуудыг барьж байгуулдаг журамтай.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь л үүрэн холбооны сүлжээнд хамрагдсан байдаг. Иймээс алслагдсан сум, багт амьдарч буй болон отор нүүдлээр явж байгаа малчид, иргэдэд сүлжээ хүргэхэд тус сан онцгой чухал үүрэгтэй.
Сүүлийн үед шинэ технологи хурдацтай хөгжиж, хиймэл дагуулаар шууд сүлжээ авах 'Direct-to-Cell' зэрэг үйлчилгээ нэвтэрч байна. Газрын суурин сүлжээ барих боломжгүй эсвэл тасарсан үед хиймэл дагуулаас шууд сүлжээ авч, утсаар харилцах энэхүү боломжийг операторууд, тухайлбал 'Ж-Мобайл' компани нэвтрүүлж эхлээд байна. Төрөөс энэхүү шинэ дэвшилтэт технологийг бодлогоор дэмжинэ. Гэхдээ суурин дэд бүтэц зайлшгүй байх шаардлагатай бөгөөд ингэж байж Монгол Улсын болон иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдана.
Бага насны хүүхдүүдийн цахим сүлжээний хэрэглээ, тэр дундаа фэйсбүүк ашиглалт 90 гаруй хувьтай болсонтой холбогдуулан яамнаас баримталж буй бодлогын талаар тэрбээр, "Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 'Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль'-ийн төслийг боловсруулан өргөн барихаар ажиллаж байна. Энэ хуулиар бага насны хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүйгээр насанд хүрэгчдэд зориулсан болон аюултай агуулга бүхий цахим орчинд нэвтрэхээс сэргийлэх суурь зохицуулалтыг хийнэ.
Хуулийн төслийн гол зохицуулалтын тухайд:
- 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэх, ашиглахыг бүрэн хориглох;
- 13-16 насны хүүхдүүдийн хувьд насны онцлогт тохирсон контент хүлээн авах технологийн шүүлтүүр, хязгаарлалттай горимоор нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Энэ зохицуулалтыг бодит ажил болгоход харилцаа холбооны байгууллага, эцэг эх, боловсролын байгууллага болон хувийн хэвшлийн оролцоо чухал. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүхдийн өмнө бүх тал үүрэг хүлээдэг учир хүн бүрийн хариуцлагатай оролцоон дээр суурилсан тогтолцоог бүрдүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.