Б.Мөнхтамир: Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй
Шатахууны шуурхай штаб хуралдаж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир:
-2026 оны аравдугаар сарын захиалгын хүрээнд зөвхөн ОХУ-аас 57 мянган тонн шатахуун нийлүүлэхээр тохирсноос өнөөдрийн байдлаар 45 мянга орчим тонн нь орж ирээд байна. Мөн хойд болон өмнөд хөршөөс хилээр орж ирсэн нийт шатахууны хэмжээ 60 мянган тоннд хүрсэн нь өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад хэвийн үзүүлэлт.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын төмөр замын сүлжээнд засварын ажил хийгдсэний улмаас вагон ачилт хоёр хоног саатсан байна. Энэ нь иргэдийн дунд шатахуун тасалдах вий гэсэн болгоомжлол төрүүлж, зохиомол эрэлт, ачаалал бий болоход нөлөөлсөн. Гэвч бодит байдал дээр Монгол Улсад шатахуун тасалдах ямар ч үндэслэлгүй бөгөөд захиалгын дагуу өдөр бүр төмөр замаар татан авалт тасралтгүй үргэлжилж байна.
Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийт 150 орчим вагон орж ирж, шатахууныг ШТС-уудад түгээснээр үйл ажиллагаа нь хэвийн горимдоо шилжиж эхэлсэн. Үүссэн дараалал бүрэн арилаагүй байгаа ч өмнөх өдрүүдтэй харьцуулахад ачаалал мэдэгдэхүйц буурсан байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Монополын эсрэг газар) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байцаагчид нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ШТС-д хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 264 ШТС-аас 120-150 орчим салбар шатахууныг хэвийн олгож байна.
“УБТЗ” ХНН шатахуунтай вагонуудыг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Тухайлбал, Алтанбулаг, Сүхбаатар өртөөгөөр хил нэвтэрсэн шатахуунтай вагонуудыг 7-8 цагийн дотор Улаанбаатар хотын Толгойт өртөөнд татаж байгаа. Толгойт өртөөнөөс аж ахуйн нэгжүүдийн салаа замаар сэлгэн ачилт хийж, нөөцийн агуулахад буулган, автоцистернээр ШТС-ууд руу тасралтгүй хүргэж байна. Түүнчлэн ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс энэ сарын 24, 25-ны өдрүүдэд ачигдсан 76 вагон бүрэн орж ирсэн. Үүнээс гадна БНХАУ-аас авах 8 мянган тонн шатахууны эхний 3 мянган тонн буюу 25 вагон Замын-Үүд боомтоор орж ирсэн бол араас нь өнөө шөнө дахин 20 вагон нэмэгдэн ирэх хуваарьтай байна. Иймд ойрын 1-2 хоногт түгээлт бүрэн жигдэрч, зохих түвшний нөөц бүрдэхээр байна.
Ирэх арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн хүрээнд ОХУ-ын "Роснефть" компаниас 70 мянган тонн (69,500 тонн) шатахуун нийлүүлэх урьдчилсан мэдээ ирүүлээд байна. Мөн БНХАУ-аас 8 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, Казахстанаас 3 мянган тонн тус тус нийлүүлэх захиалга албан ёсоор баталгаажсан. Ингэснээр арваннэгдүгээр сард нийт 92 мянган тонн шатахуун орж ирэх тооцоо гарсан бөгөөд манай улсын сарын дундаж хэрэглээ 70-75 мянган тонн байдаг тул дотоодын зах зээлийн эрэлтийг бүрэн хангах боломжтой.
Шуурхай штабын хуралдаанаас өгөгдсөн үүргийн дагуу Монополын эсрэг газраар ахлуулсан, НЗДТГ, АҮЭБЯ, АМГТГ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хяналтын байцаагчдаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг ШТС-уудад дараах чиглэлээр хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад дугаар харгалзахгүйгээр шуурхай үйлчилж буй эсэх;
- ШТС-ууд нөөцийн үлдэгдэлтэй атлаа шатахуун олголтыг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа эсэх;
- АМГТГ-ын цахим систем болон "benzin.mn" сайтад шатахууны бодит үлдэгдэл, дууссан эсэх тухай мэдээллээ цаг алдалгүй, үнэн зөв оруулж буй эсэх.
АМГТГ-аас хэрэгжүүлж буй энэхүү цахим систем нь ирэх арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд бүрэн автоматжиж, аж ахуйн нэгжүүдийн татан авсан болон борлуулсан шатахууны бүртгэл цахимаар шууд хянагддаг болно. Үр дүнд нь аль салбарт, ямар төрлийн шатахууны үлдэгдэл байгааг иргэд бодит цагийн горимоор харах боломж бүрдэнэ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, олон нийтийн сүлжээгээр дамжуулан худалдах зөрчил илэрч байгаатай холбогдуулан ШТС-ууд "E-Mongolia" системээр цахим үнэмлэхийг давхар тулгаж үйлчилж байгаа. Хуурамч бичиг баримт ашиглан оочер дайрах зэрэг зөрчил гаргасан этгээдэд хууль хяналтын байгууллага болон Монополын эсрэг газраас хариуцлага тооцох аж.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний 15:00 цагийн үед албаныхан БНСУ-ын "Hyundai" корпорац болон тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн ирэх хоёр жилийн хугацаанд БНСУ-аас тогтмол шатахуун нийлүүлэх гэрээг дотоодын импортлогч аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцооны үр дүн юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Түгжрэлийг бууруулах болон ШТС-уудад төрийн байцаагч ажиллаж буй шалтгааны тухайд:
Хувийн хэвшлийн дотоод зохион байгуулалт хангалтгүйгээс үүдэн зохиомол түгжрэл, олон нийтийн бухимдал үүссэн тул төрийн байгууллагууд, тэр дундаа Монополын эсрэг газраас зах зээлд давамгай байдалтай ААН-үүдэд шууд хяналт тавьж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Тухайлбал, Уулын замын хоёр эгнээтэй хэсэгт байрлах "Шунхлай" ШТС дээр их хэмжээний дараалал үүсэж, хөдөлгөөнд ноцтой саад учруулсан тул Тээврийн цагдаагийн албанаас нөөцийг нь дуустал олгоод тухайн станцын үйл ажиллагааг түр зогсоож, бусад өргөн зам дагуух салбаруудаар олгох зохицуулалт хийжээ. Өнөөдөр болон маргааш орж ирэх ачилтуудаар нийслэлийн 264 ШТС-ыг жигд, тасралтгүй түгээлтээр хангах нь түгжрэл, ачааллыг сааруулах үндсэн гарц гэж үзэж байна.
Гадаадын ШТС-ын сүлжээг оруулж ирэх боломжийн талаар:
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга тайлбарлахдаа: "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар манай улсын зах зээлийн 30-аас дээш хувийг дангаар нийлүүлдэг хуулийн этгээд Монгол Улсад жижиглэнгийн борлуулалт эрхлэхийг хориглосон заалт бий. Дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг бөөний үнээр хангадаг ОХУ-ын "Роснефть" компани энэ заалтын дагуу өөрийн ШТС ажиллуулах хууль зүйн боломжгүй. Харин зах зээлийн 30 хүртэлх хувийг нийлүүлдэг "Газпром нефть", "Лукойл" зэрэг ОХУ-ын компаниуд болон бусад гаднын хөрөнгө оруулагчид манай улсад салбараа нээн жижиглэн худалдаа эрхлэхэд нээлттэй. Өнөөдрийн байдлаар манай улсад 20 гаруй жил тогтвортой ажиллаж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай ШТС үйл ажиллагаагаа явуулж байна" хэмээн тодотголоо.
Зориулалтын саванд шатахуун олгох асуудлаар:
УИХ-ын гишүүн Б.Алтангэрэлээс зориулалтын саванд шатахуун олгохгүй байгаа асуудлаар холбогдох асуулга ирүүлсэн. Хууль, техникийн шаардлага хангасан зориулалтын саванд шатахуун олгохыг хориглосон ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд Шуурхай штабаас ААН-үүдэд стандартын саваар олгох үүрэг чиглэлийг дахин өглөө. Ялангуяа намрын ургац хураалтын үеэр хөдөө аж ахуй эрхлэгчид болон замд шатахуун нь дууссан иргэдэд зориулалтын саваар заавал үйлчлэх ёстой. Хэрэв зориулалтын саванд шатахуун олгохоос үндэслэлгүйгээр татгалзвал иргэд Монополын эсрэг газарт хандан гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой.
ШТС-уудын зөрчил болон нийгмийн сүлжээнд гарсан бичлэгүүдийн талаар:
Цахим сүлжээнд тархсан "Тэс петролиум"-ын түгээгч үйлчлүүлэгчтэй маргалдаж буй дүрс бичлэг нь жилийн өмнөх хуучин бичлэг болох нь шалгалтаар тогтоогдсон. Харин "Шунхлай" компанийн Хөтөл салбарт бага оврын портер маркийн автомашинд хэт их хэмжээгээр шатахуун ачсан зөрчлийг тус компанийн дотоод хяналтаар илрүүлж, тухайн салбарын эрхлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн хариуцлага тооцжээ. Мөн "Сод Монгол" компанийн хувьд нийслэл дэх 45 станцынхаа 35-ыг түр хааж, гэрээт байгууллагуудад олгож байсан болон хоёр эрхлэгч бусдад дураараа урдуур шатахуун олгосон зөрчилд арга хэмжээ авсан байна. Тус компанийн 35 салбар өчигдрөөс эхлэн шатахуунаа бүрэн буулгаж, нийтэд нээлттэй борлуулалтыг хэвийн үргэлжлүүлж эхэллээ. Түүнчлэн түгээгчид дараалал дайруулах, шатахууныг дамлан худалдах зэрэг аливаа хууль бус үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
Төмөр замын тээвэрлэлт, вагон суллалтын талаар:
“УБТЗ” ХНН-ийн мэдээлснээр, 2026 оны аравдугаар сард ОХУ-аас нийт 4459 вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авснаас 894 вагон нь Аи-92 автобензин, үлдсэн нь дизель түлш болон бусад бүтээгдэхүүн байв. Мөн БНХАУ-аас 337 вагон бүтээгдэхүүн импортолсноос 37 вагон нь Аи-92, 36 вагон нь Аи-95 маркийн бензин байна.
Өнөөдрийн байдлаар төмөр замын сүлжээнд нийт 1592 вагон нефтийн бүтээгдэхүүн хөдөлгөөнд байгаагийн 193 вагон нь Аи-92 бензин юм. Үүнээс 115 вагон нь очих буулгалтын өртөөндөө хүрээд буй бөгөөд үлдсэн вагонууд өнөөдөр 17:00 цаг гэхэд буулгалтын өртөөдөд бүрэн хүрнэ. Толгойт өртөөнд одоогоор 495 вагон бүтээгдэхүүн байгаагийн 78 нь Аи-92 бензин байна.
Төмөр зам дээр 1332 вагон дизель түлш саатсан нь аж ахуйн нэгжүүдийн сав дүүрсэн болон гаалийн 5 хувийн татварын хөнгөлөлт хүлээгдэж байсантай холбоотой байжээ. Иймд Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу татвар хүлээж байсан дөрвөн ААН-ийн гаалийн бүрдүүлэлтийг яаралтай хийлгэж, вагонуудыг эрчимтэй суллаж эхэллээ. Ирэх ням гараг гэхэд хуримтлагдсан вагонуудыг бүрэн суллаж дуусан, хоосон цистернүүдийг ОХУ-ын талд буцаан хүргэснээр тээвэрлэлтийн эргэлт бүрэн жигдрэхээр байна.
Монгол Улсад шатахуун тасалдах ямар ч эрсдэлгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж байгаа тул хиймэл айдас түгшүүрт автан их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг холбогдох албаныхан иргэдэд уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.