Криштиану Роналду 67 дахь хет-трикээ хийж, карьерынхаа 985 дахь гоолыг оруулав
Саудын Арабын Про лигийн 12 дугаар тойргийн хүрээнд "Аль-Наср" клуб талбайдаа "Аль-Холуд" багийг 5:3 харьцаагаар буулган авч, 41 настай довтлогч Криштиану Роналду 15 минутын дотор хет-трик хийжээ.
Рияд хотын "Аль-Аввал Парк" цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтод тэрбээр мэргэжлийн замналынхаа 985 дахь гоолыг бүртгүүлснээр түүхэн 1000 гоолын босгод ердөө 15 бөмбөг дутуу үлдээд байна.
Уг тоглолтын эхний хагаст Роналдугийн оруулсан хоёр гоол отон тоглолтоос болж цуцлагдсан юм. Гэсэн ч хоёрдугаар хагаст тэрбээр тун үр дүнтэй тоглолт үзүүлж, 66, 72 болон 81 дэх минутуудад дараалан гоолдсон байна.
Олон улсын статистикийн эх сурвалжууд болон сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлснээр энэхүү хет-трик нь Роналдугийн мэргэжлийн замналын 67 дахь нь болжээ. Нийт гоолын үзүүлэлтийг задлан харвал 839 бөмбөгийг клубүүдийн түвшинд, 146 бөмбөгийг Португалын шигшээ багийн төлөө оруулсан байна. Хэдийгээр олонх эх сурвалж түүний нийт гоолыг 985 гэж үзэж байгаа ч зарим мэдээллийн сан болон ФИФА 984 хэмээн тооцож байгаа юм. Энэхүү маргаан нь өмнөх "Аль-Фейсали" багийн эсрэг тоглолтод орсон эргэлзээтэй гоолыг эсрэг багийн хамгаалагчийн автогоол хэмээн бүртгэснээс үүдэлтэй ажээ.
Энэхүү тоглолтоос хоёр хоногийн өмнө "Алтан бөмбөг" шагналын 70 жилийн ойд зориулсан хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар Роналдугийн 2008 онд хүртсэн шагналыг түүхэн дэх шилдэг амжилтаар нэрлэсэн байна. Өндөр түвшний тоглолт, гоолын мэдрэмжээ хадгалсаар буй португал довтлогчийн хувьд дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө хүрч байгаагүй 1000 гоолын оргилд хүрэх зорилгодоо улам ойртсоор байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.