Гурван хүн шороонд дарагдаж нас барсан хэрэгт захиралд нь ял шийтгэлээ
Говь-Алтай аймгийн Жаргалан сумд өнгөрсөн тавдугаар сард цэвэр, бохир усны шугам сольж байсан 36 настай Б, 44-тэй Б, 50-тай Б нар шороонд дарагдаж, газар дээрээ нас барсан юм. Уг золгүй явдалд холбогдуулж дулаан түгээх, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буман хаус” ХХК-ийн захирал Ш.Соронзонболдод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гурван хүний амь хохирсон гэх үндэслэлээр хэрэг нээж шалгажээ.
Улмаар тус аймгийн Прокурорын газраас Ш.Соронзонболдод Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амийг хохироосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж. Уг хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх энэ сарын 23-нд хэлэлцээд Ш.Соронзонболдод нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.
“Буман хаус” ХХК-ийн захирал Ш.Соронзонболд амиа алдсан иргэдийн ар гэрт учирсан хохирлыг төлж, иргэний нэхэмжлэлийг хангасан гэдгийг шүүхийн шийтгэх тогтоолд дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.