Түр эвлэрлийн хугацаа дуусмагц ОХУ, Украин харилцан цохилт өгөв
Херсон мужид хэрэгжсэн зургаан өдрийн түр эвлэрлийн хугацаа дуусмагц ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд агаараас өргөн хэмжээний цохилт өгч, хэдэн зуун мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчгүй болголоо.
Украины дөрвөн бүс нутгийг хамарсан уг халдлагын дараа улс даяар цахилгааны яаралтай хязгаарлалт хийгдэж, нийслэл Киев болон бусад томоохон хотуудад тог цахилгаан, усан хангамж ноцтой тасалдаад байна.
Сэргээн босголтын багууд ням гаргийн турш эрчим хүчний сүлжээг засахаар ажилласан бөгөөд Днепропетровск мужид ихэнх хэрэглэгчийн цахилгааныг орой гэхэд сэргээсэн ч 60 мянга гаруй айл өрх тоггүй хэвээр үлджээ. Түүнчлэн ОХУ-ын зүгээс Винница мужид шөнийн цагаар хийсэн агаарын дайралтын улмаас 13 настай охин болон өөр нэг иргэн амиа алдсан байна. Эрчим хүчний гол зангилаанууд гэмтсэний улмаас иргэдийн ахуйн хэрэгцээ, нийтийн үйлчилгээний хэвийн ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч эхэллээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сүүлийн долоо хоногийн хугацаанд Оросын талаас 1940 нисгэгчгүй төхөөрөмж, 1580 гаруй удирдлагатай бөмбөг, 44 пуужин харваснаас 36 нь баллистик пуужин байсныг мэдэгдэв.
Оросын цэргийн хүч баллистик пуужин амдан сөнөөгч "Patriot" системийн цэнэгт пуужингийн хомстолыг далимдуулахыг эрмэлзэж буйг тэрээр онцлоод, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийг яаралтай нийлүүлэхийг барууны түншүүдээсээ шаардлаа. Украины агаарын хүчин халдлагын үеэр Оросоос харвасан алсын тусгалын 433 нисгэгчгүй төхөөрөмжийн 371-ийг нь устгаснаа тайлагнасан юм.
Уг дайралт нь Херсон мужийн Олешки хот орчимд хүмүүнлэгийн коридор байгуулах зорилгоор зарласан түр эвлэрлийн хугацаа 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний 22:59 цагт дууссантай зэрэгцэн эхэлсэн байна. АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп, Вашингтоны засаг захиргаа болон Ромын Пап XIV Лео нарын зуучлалаар тохиролцсон уг эвлэрлийн хүрээнд бүслэгдсэн 2000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж, хүнс, эмнэлгийн хангамж хүргэх ажиллагааг өнгөрсөн бямба гаргийн өдөр дуусгавар болгоод байв.
Нөгөө талд Украин хариу болгон ОХУ-ын нутаг дэвсгэр дэх батлан хамгаалах болон аж үйлдвэрийн байгууламжуудад алсын тусгалын дрон, пуужингаар цохилт өгсөн байна.
Ростов мужийн Каменскийн нэрэмжит пуужингийн түлш үйлдвэрлэдэг цогцолборыг "Нептун" систем болон дроноор онилсноор дөрвөн үйлдвэрийн байр өртөж гал гарсан бол Нижний Новгород мужийн аж үйлдвэрийн газарт мөн үлэмж хэмжээний хохирол учирчээ. Эрчим хүчний сүлжээ болон стратегийн дэд бүтцүүдийг чиглэсэн агаарын довтолгоо ийнхүү дахин эрчимжиж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.