Хүргэлтийн роботын замыг хааж зогссон профессорыг цагдан хохироос аргагүй болжээ
АНУ-ын Филадельфи хотын Пенсильванийн Их Сургуулийн профессор, 78 настай Каролин Марвин 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр "Uber Eats" компанийн хүргэлтийн роботын замыг хааж зогссон хэргээр цагдан хоригджээ.
Тэрээр Филадельфи хотын Ридинг Терминал захын ойролцоох Филберт гудамжинд ханиадны вакцин хийлгээд буцах замдаа роботын өмнө 10-15 минут зогсож, олон нийтийн хэв журмыг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулагдсан байна.
Марвин роботын явах замыг хааж зогссоны улмаас тухайн газарт цөөн тооны иргэд цуглаж, хэрэг явдлыг ажиглаж эхэлсэн байна. Цагдаагийн ажилтнууд роботод саад учруулсан тухай гомдлын дагуу хэргийн газарт хүрэлцэн ирж, түүнийг замаас холдохыг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ. Үүний үр дүнд хууль сахиулагчид түүнд гав зүүн саатуулж, хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэврийн хуудас олгосон байна.
Каролин Марвин нь өмнө нь Пенсильванийн Их Сургуулийн Анненбергийн харилцаа холбооны сургуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний түүх болон онолын хичээл зааж байсан туршлагатай академич юм.
Тэрээр компаниудын автоматжуулалт хүний ажлын байрыг орлож, ашиг орлогыг хүмүүсийн ажлаас дээгүүр тавьж байгааг эсэргүүцэн, 2026 оны гуравдугаар сараас эхлэн хүргэлтийн роботуудын замыг зориуд хааж эхэлжээ.
Тэрээр нийтийн эзэмшлийн явган хүний замыг хувьчилж байгаа болон технологийн хэт түрэмгийлэлд сэтгэл цочирдож байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Марвин өөрийн үйлдлийг Үндсэн хуулийн Эхний нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан тайван замаар цуглах эрхийн нэг хэлбэр хэмээн тайлбарлаж, "Би өөрийгөө роботоос илүү эрхтэй гэж бодож байсан" хэмээн мэдэгджээ.
Профессор цаашид боломжтой үедээ хүргэлтийн роботуудын замыг үргэлжлүүлэн хаахаа мэдэгдсэн юм. Тэрээр өөрийн энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн том сөрөг үр дагавар нь оффисын ажилтны өдрийн хоол 10-15 минутаар хоцрох төдий зүйл хэмээн хошигнон дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.