Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дэлхийн бүх тивийн 56 орноор аялжээ
Хүүхэд байхад нь аялах боломжгүй гэж хэлж байсан ч 36 настай аяллын блогч, хүртээмжийн төлөө тэмцэгч Кори Ли өөрийн мөрөөдлийг биелүүлж, Антарктид зэрэг дэлхийн бүх долоон тивийн нийт 56 улсад амжилттай аялжээ. Хүнд хэлбэрийн саад бэрхшээлийг үл харгалзан дэлхийг тойрон аялсан түүний туршлага олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, дэд бүтцийн хүртээмжийн асуудлыг хөндөх томоохон жишээ болж байна.
Хоёр настайдаа нугасны булчингийн хатингаршил өвчтэй гэж оношлогдсон Кори Ли 400 фунт буюу 180 орчим килограмм жинтэй цахилгаан тэргэнцэр ашигладаг байна. Тэрээр хувийн туршлага дээрээ түшиглэн "Curb Free with Cory Lee" нэртэй аяллын блог үүсгэн байгуулж, олон улсын тэргэнцэртэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөгөөг хүргэх болжээ. Үүнээс гадна "The Curb Free Foundation" санг санаачлан байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй бусад иргэдийн хүсэл мөрөөдлийн аяллыг дэмжих тэтгэлэг олгож эхэлсэн байна.
Гэвч агаарын тээврээр үйлчлүүлэх нь түүний хувьд бие махбодын болон зохион байгуулалтын хувьд хүнд сорилт болдог аж. Нисэх онгоцны бие засах өрөө тэргэнцэртэй хүний хэрэгцээг хангах боломжгүй байдаг тул тэрээр хол зайн нислэгийн өмнө хэдэн өдрийн турш хоол идэхгүй байж, биеэ усгүйжүүлэхэд хүрдэг тухайгаа хуваалцжээ.
Түүнчлэн түүнийг цахилгаан тэргэнцрээс нь өргөж онгоцны суудалд суулгах явцад олон удаа унагаж, гэмтээж бэртээх шахсан тохиолдлууд гарсан байна.

Нислэгийн үеэр цахилгаан тэргэнцрийг зориулалтын дагуу бэхлээгүйн улмаас ачааны хэсэгт эвдрэх явдал байнга тулгардаг сорилтуудын нэг гэнэ. Тухайлбал, Барселона хотод газардахад түүний тэргэнцрийн урд дугуй хугарсан байсан бол Атланта хотод буухад жолоодлогын гар нь алга болж, тэрээр нисэх буудал дээр саатахад хүрсэн байна. Ийм төрлийн гэмтэл нь хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн бие даан шилжин явах чадварыг бүрэн хаадаг ноцтой хохирол дагуулдаг аж.
Түүнтэй хамт гар тэргэнцэртэйгээр Чили, Испани, Грек, Мексик, Бүгд Найрамдах Доминикан болон Бахамын арлуудаар аялсан хүний эрхийн төлөө тэмцэгч Келли Наровски түүний тэсвэр хатуужлыг сайшаажээ. Кори Лигийн тууштай байдал нь дэлхий даяарх хүмүүст урам зориг хайрлаж, хөгжлийн бэрхшээлтэй залуу үеийнхэнд саад бэрхшээлийг үл харгалзан аялах боломжтойг биечлэн харуулсаар байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.