🔴Т.Аубакир: Казахстаны 182 иргэнд нийгмийн халамж олгосон байж болзошгүй хэргийг шалгаж байгаа нь үнэн
Нийгмийн хамгааллын салбарын цаг үеийн асуудал, 2026 оны ажилгүйдлийн тэтгэмжийн төсөв болон гадаад улсад гарсан, нас барсан иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгосон гэх асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
-2026 оны сүүлийн гурван сарын ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход төсвийн боломжгүй нөхцөл байдал үүссэн. Юун түрүүнд, төрийн албыг цомхон, чадварлаг, оновчтой болгох бодлогын хүрээнд есөн хувийн цомхотгол хийхээр төлөвлөж, анх 14,400 төрийн албан хаагчийг чөлөөлөх тооцоотой байсан ч бодит байдал дээр 16 мянга орчим албан хаагч цомхотголд орсон. Үүний улмаас өмнө нь тооцоолоогүй байсан ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн давалгаа бий болсон.
Мөн нөгөө талдаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, үүд хаалгаа барьж буй нөхцөл байдал байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2025 онд 22 мянга орчим аж ахуйн нэгж хаагдсан гэж мэдээлсэн нь төрийн бус байгууллагуудыг нэгтгэн тооцсон, тоо баримтыг хэт дэвэргэсэн талтай. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал, хиймэл оюун ухаан (AI) болон техник технологийн дэвшлийн улмаас ажлын байраа оновчлон ажилтнаа цомхотгох хандлага ААН-үүдэд нэмэгдсэн.
Эдгээр хүчин зүйлсийн улмаас анх төсөвлөсөн 92 тэрбум төгрөг хүрэлцэх боломжгүй болсон тул 2026 оны улсын төсвийн тодотголд 50 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байна. Ингэснээр 2026 оныг дуустал ажилгүйдлийн тэтгэмж олголт ямар нэгэн байдлаар гацахгүй, иргэдийн тэтгэмжийг тасралтгүй олгох бүрэн боломж бүрдсэн.
Тэтгэмж олгох журмыг чангатгаж, 2027 оны төсвийг 193 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ
Ажилгүйдлийн тэтгэмжийн тогтолцооны талаар улс төрчид болон эдийн засагчдын дунд "Ажил олгогч нь өөрөө ажилтнаа халсан бол ажилгүйдлийн хариуцлагыг нь хүлээх ёстой, төрөөс олгох нь буруу" гэсэн шүүмжлэл гардаг ч төр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэнийхээ нийгмийн баталгааг доройтуулахгүй байх үүрэгтэй.
Үүний зэрэгцээ ажил олгогчтойгоо хуйвалдан, санаатайгаар халагдаж ажилгүйдлийн тэтгэмж авдаг сөрөг үзэгдлийг таслан зогсоох зорилгоор холбогдох журамд өөрчлөлт оруулж байгаа. Хуучин журмаар есөн сар ажилласан иргэнд 76 хоногийн цалинтай тэнцэх тэтгэмж олгодог байсан бол шинэ журмаар 12 сар буюу бүтэн жил ажиллаж байж тэтгэмж авах эрх үүсдэг болгож, тэтгэмж олгох хугацааг 55 хоног болгон өөрчилж байна. Мөн 2027 оны төсөвт ажилгүйдлийн тэтгэмжийн зардлыг өмнөх 92 тэрбум төгрөгөөс нэмэгдүүлж, 193 тэрбум төгрөг болгон тусгасан.
Гадаад улсын иргэн болсон болон нас барсан иргэдийн тэтгэвэр олголтыг өөрийн санаачилгаар илрүүлсэн
Казахстан улсын 200 гаруй иргэнд тэтгэвэр, халамж олгосон гэх асуудал нь гаднаас илэрсэн биш, харин салбарын сайдын хувьд 2025 онд өөрийн тушаалаар ажлын хэсэг томилон шалгуулж, өөрсдөө илрүүлсэн зөрчил. Түүнчлэн бодит байдал дээр 200 биш, 182 хүний асуудал хөндөгдсөн.
Шалгалтын явцад нас барсан иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгосон, мөн гадаад улсын иргэн болж харьяатаас гарсан (АНУ, Казахстан, Их Британи зэрэг улсын иргэн болсон) иргэдийн бүртгэлийн мэдээлэл цаг тухайд нь Нийгмийн даатгалын байгууллагад ирээгүй. Өрөөндөө ажиллаж буй нийгмийн даатгалын байцаагч тухайн орон нутагт хэн нас барсан, хэн гадаадын харьяат болсныг биечлэн мэдэх боломжгүй бөгөөд төрийн байгууллагуудын цахим мэдээлэл солилцооны системийн шинэчлэл, уялдаа холбоо доголдсоноос ийм зөрчил гарсан байна.
Энэхүү доголдлыг Засгийн газрын хуралдаан дээр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулж, системийг яаралтай жигдрүүлэх шаардлагатайг сануулж байсан. Мөн ийм алдаа нь зөвхөн Баян-Өлгий аймаг бус Сүхбаатар дүүрэг тэргүүтэй улсын хэмжээнд илэрсэн нийтлэг асуудал.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.