🔴Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөрт хамрагдан хохирсон 750 иргэний орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн боловч орон сууцаар хангагдаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тэдгээр иргэдэд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн хүрээнд баригдсан орон сууцаас олгох үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг ХББОССайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва нарт даалгажээ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөрт хамрагдан хохирсон 750 иргэний орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр болсон. Тодруулбал, 10 гаруй жилийн өмнө эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд иргэд газраа чөлөөлөн өгч, тодорхой хугацааны дараа шинэ орон сууц ашиглалтад орохоор өөрийн байртай болно гэсэн итгэлээр түр хугацаанд түрээсийн байранд амьдарч эхэлсэн байдаг. Гэвч барилгын ажил удааширч зогссоноос үүдэн иргэд 10 гаруй жилийн турш түрээсийн байраар амьдарч, зарим иргэн энэ хугацаанд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, үр хүүхэд нь эрхээ хамгаалуулахаар хөөцөлдөх хэмжээнд нөхцөл байдал даамжирсан юм.
Судалгаагаар орон сууцтай холбоотой залиланд өртсөн нийт 3900 орчим иргэн бүртгэгдсэнээс үлэмж хэсэг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогчид байв. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тэргүүн тухайн үед аль улс төрийн хүчин засаглаж байснаас үл хамааран, төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй алдааг засч, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон эдгээр 750 иргэний хохирлыг барагдуулах нь зүйтэй.
Уг асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас ажлын хэсэг томилон, Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн ахлан, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-амгалан дэд даргаар нь ажиллаж нарийвчилсан судалгааг гаргажээ. Ингээд Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг дэмжиж, хохирсон 750 иргэнийг өдгөө нийслэлээс хэрэгжүүлж буй "Солонго" хороолол болон "Сэлбэ" дэд төвийн орон сууцуудад холбогдох дүрэм журмын хүрээнд яаралтай хамруулах шийдвэр гаргаад байна. Уг шийдвэр Засгийн газрын тэмдэглэлээр албажин ирэх долоо хоногт гарснаар бодит ажил хэрэг болж эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.