Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үйлдвэрлэлийн талбарт хэлэлцлээ

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үйлдвэрлэлийн талбарт хэлэлцлээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн удирдлага, мэргэжлийн баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, энэ оны эхний есөн сарын үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалтын өгөөж болон 2027 оны бизнес төлөвлөгөөний талаар санал солилцлоо. 

Ирэх онд төрийн өмчит уул уурхайн компаниудын улсын төсөвт төвлөрүүлэх орлого мэдэгдэхүйц өсөхтэй холбоотойгоор орлого бүрдүүлэх төлөвлөгөө, үйлдвэрлэлийн зорилт, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлтгэлээ хангаж байгааг талууд онцлов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндоны мэдээлснээр, энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр цэвэр ашгийн төлөвлөгөө 170 гаруй хувиар давж биелсэн бөгөөд оны эцэст 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Мөн төлөвлөгөөнөөс давуулан 350 гаруй вагон зэсийн баяжмал ачуулсан бөгөөд үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн технологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, түлшний үнийн өсөлтийн нөлөөг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байгааг хэллээ.

“Эрдэнэт үйлдвэр” 2025 онд түүхэндээ анх удаа 2.3 их наяд төгрөгийн татвар, төлбөр, ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр тус амжилтаа ахиулах төлөвтэй байна. 

Г.ЁНДОН: “Компанийн бизнес төлөвлөгөөг зөвхөн тайлан, мэдээлэлд тулгуурлан үнэлэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалт хэрхэн хэрэгжиж, ямар үр дүн өгснийг газар дээр нь үзэж танилцан, ирэх оны төлөвлөгөөг ТУЗ-д хэлэлцүүлэхээс өмнө төслийн шатанд нь дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай”. 

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодит үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээр үнэлж, төрийн өмчит компаниудын бүтээмж, ашигт ажиллагаа, улсын төсөвт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.