Оросын зартай гэмт бүлэглэлийн хөлсний алуурчин дайны бүсэд амиа алджээ
Оросын зартай "Орехово-Медведково" зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хөлсний алуурчдын салааг удирдаж байсан "Шарап" хочит Александр Шарапов Украины дайны бүсэд амь үрэгджээ.
Тэрбээр чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн ял эдэлж байхдаа Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулан фронтод очсон бөгөөд байлдааны даалгавар гүйцэтгэх явцдаа амиа алдсаныг саяхан баталгаажуулсан байна.
Гэмт хэргийн ертөнцөд "Шарап" хочоор танигдсан Александр Шарапов 1990-ээд оны дундуур тус бүлэглэлд элсэж, улмаар захиалгат аллага үйлдэх, өрсөлдөгч талуудыг зайлуулах болон сэжиг төрүүлсэн хамсаатнуудынхаа амийг хороох чиглэлээр дагнасан тусгай бүлгийг ахалж байжээ. Мөрдөн шалгах явцад түүнийг таван хүний амь насыг хөнөөсөн болохыг нотолж, Эрүүгийн хуулийн хүн амины хэрэг болон зэвсэгт дээрмийн бүлэглэл байгуулах зүйл ангиар ялласан түүхтэй.
Хууль сахиулах байгууллагууд 2001 онд дээрх бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоож, гишүүдийг нь баривчилсан боловч Шарапов оргон зайлж, 16 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрээр Владимир мужид өөр хүний нэр дээрх бичиг баримт ашиглан хууль бусаар амьдарч, хамтран амьдрагчийнхаа хамт зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан бөгөөд сүүлд илчлэгдэн 2020 оны долдугаар сард 15 жил хорих ял авсан юм.
Хорих ангид ялаа эдэлж байсан тэрбээр 2025 оны хоёрдугаар сард Батлан хамгаалах яамтай гэрээ үзэглэж, цэргийн албанд дахин зүтгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр "Дед" буюу Өвөө гэх байлдааны дуудлага нэртэйгээр "Шторм" тусгай дайралтын ангид хуваарилагдан даалгавар гүйцэтгэж байгаад байлдааны талбарт ийнхүү ясаа тавьжээ.
Өнгөрсөн зууны дуулиант аллагуудын эзнээр нэрлэгдэж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтний амьдралын замнал фронтын шугамд ийнхүү өндөрлөжээ. Энэхүү явдал нь 1990-ээд оны гэмт бүлэглэлийн гишүүдийн хувь тавилан өнөөгийн нөхцөлд хэрхэн төгсөж буйг харуулсан баримт болон тэмдэглэгдэн үлдэж байгаа юм.
Эх сурвалж:
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.