🔴Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн ДЦГ-т үлдсэн ан амьтдад биотехникийн арга хэмжээ авахад Засгийн газраас 629 сая төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт үлдсэн ан амьтдад биотехникийн арга хэмжээ авахад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 629 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Одоогоос 20 орчим хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол сум, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг эцэслэн тогтоохоор мэргэжлийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Хуульд заасан 30 хоногийн хугацаа ирэх 11 дүгээр сарын 16-нд дуусна. Ажлын хэсгийн хээрийн судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд түймэрт нийт 468 мянган га талбай өртсөн бөгөөд багахан хэмжээний бүс нутаг шаталгүй үлдсэн байна. Шатаагүй үлдсэн хэсэгт зэрлэг ан амьтдын бөөгнөрөл, нягтаршил туйлын өндөр байгаа тул цас орохоос урьтаж, идэш тэжээлийн хомстолоос сэргийлэх, ан амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүслээ.
Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд уг нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гарган биотехникийн арга хэмжээг шуурхай авахаар шийдвэрлэлээ. Өвс, тэжээл бэлтгэсэн иргэд, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн нөөцийг дайчлахаар Хил хамгаалах ерөнхий газартай хамтран машин техникийн цэгүүдийг шуурхай байгуулж, хилийн зурвасын гүний долоон цэгт өвс, тэжээл хүргэх зураглалыг батлан ажиллаж байна.
50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ажлын хэсэг хээрийн судалгаанд үндэслэн шинжээч, судлаачид тухайн бүс нутгаас авчирсан дээжүүдэд лабораторийн нарийвчилсан шинжилгээг хийж байна. Мөн түймрийн дараах нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, гал түймэр унтраах ажиллагааны болон холбогдох бүхий л зардлуудыг нэгтгэн, хохирлын эцсийн хэмжээг хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 16-ны дотор багтаан эцэслэн тогтоож, олон нийтэд танилцуулна.
2022 онд төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар тус нутаг дэвсгэрт 14 мянга орчим том хөхтөн, туурайтан амьтан байх боломжтой гэж гарсан. Хууль хяналтын байгууллагаас түймэр алдсан буруутай эзэн холбогдогчийг тогтоосны дараа уг зардлыг байгаль экологид учирсан хохиролд оруулан тооцож, буруутай этгээдээр бүрэн нөхөн төлүүлнэ.
Япон улсын Засгийн газар болон Элчин сайдын зүгээс харамсал илэрхийлж, түймрийн дараах байгаль нөхөн сэргээх ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Түүнчлэн олон улсын байгаль хамгаалах байгууллагууд болон хойд, өмнөд хөршийн эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах чиглэлээр Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.
Дорнод аймгийн иргэд, залуучууд, ААН-үүдээс тусламж үзүүлэх талаар санал, санаачилгууд гарч буй тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэд тусгай данс нээж, хандивыг төвлөрүүлэн зохион байгуулах бүрэн боломжтой.
Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцээд Нөмрөгийн ДЦГ-т эрдэм шинжилгээ, судалгаа, мониторингийн байнгын төв байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Цаашид салбар хоорондын уялдааг сайжруулах, хилийн застав болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны гал түймэртэй тэмцэх багаж техник, тоног төхөөрөмжийг бэхжүүлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.
Үндэсний аудитын байгууллагаас ЗГХЭГ-т нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох дүгнэлт ирүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас холбогдох сайд нар болон Засаг дарга нарт аудитын дүгнэлтэд дурдагдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өгсөн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.