“Чингис хаан” музейн захирал С.Чулууныг МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ гүтгэсэн үү, үгүй юү
МУИС-ийн антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсандаа 2023 оны нэгдүгээр сард Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” музейн захирал С.Чулууны талаар шүүмжилж бичжээ. Үүнийг нь С.Чулуун нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандаж, уг мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Г.Мөнх-Эрдэнэд даалгах нэхэмжлэл гаргасан байна.
“С.Чулууныг "БНХАУ-ын Ардын их сургуулийн Син Ао эрдэмтэн" хэмээсэн байдаг”
МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ нийгмийн сүлжээн дэх өөрийн хаягтаа “Манай С.Чулуун олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гадны археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн агуулгатай пост нийтэлсэн аж. Бичсэн постынхоо талаар тэрбээр “С.Чулуун олон нүүртэй шүү гэдэг нь тэрбээр өөрийнхөө эрх мэдлээс давсан олон асуудалд оролцдог, энэ нь хохиролтой гэж үздэг учраас эдгээрийг олон нүүр гэж тодорхойлсон. Би С.Чулууныг бусад хүмүүсийн зохиосон ном, бүтээлийг өөрийн нэг сэдэвт бүтээл гэж дурдаад академич цол авсанд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Монгол Улсын архивт байгаа, судалгаа боловсруулалт хийгээгүй 640 мянган хуудас материалыг Хятадын байгууллагад хуулбарлан өгсөнд үнэхээр харамсаж, яагаад ял, хариуцлага хүлээхгүй байна вэ гэж уур хүрч цухалдаж явдаг. Үндэсний төв номын санд хадгалагдаж байсан, бас л судлагдаагүй Өндөр гэгээний намтрыг Хятадад өгөөд өөрийгөө зохиолч мэтээр уг номд нэрээ оруулсанд мөн л шүүмжлэлтэй ханддаг. Судлагдаагүй баримтыг тэр чигээр нь хуулбарлан өгөх нь улс орны түүхийн судалгаанд ноцтой хор аюултай юм. Хархорины хөндий нь ЮНЕСКО-д соёлын өвөөр бүртгэгдсэн тул тухайн газарт хот байгуулахын тулд археологийн судалгаа бүрэн хийж дууссаны дараа барих эрх үүсэх юм. Харин С.Чулуун “Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах зураг төсөлд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Үүнийгээ өөрөө л нотлох үүрэгтэй.
Архивын 640 мянган нүүр баримтын талаар олон жил шүүмжлэн ярилцсан бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал гэрээнд гарын үсэг зурсан байдаг. С.Чулуун нь 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. 2012 онд Монголын үндэсний архивт хадгалагдаж буй Манжийн үед холбогдох, Хүрээ сайдын хөмрөгийн баримт 640 мянган хуудас баримтыг БНХАУ-ын Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв гэдэг газрын захиралтай гарын үсэг зурж шилжүүлсэн байдаг. Түүхийн хүрээлэнгийн захирал Монголын үндэсний архивын баримтыг гадаад улсад өгөх асуудалд гарын үсэг зурсны учир, ямар асуудал буйг шалгах шаардлагатай гэж би үздэг, шүүмжилж ханддаг. Энэ нь Манжийн эрхшээлийн үед хамаарах 200 жилийн түүхийн баримт бөгөөд судалгаа шинжилгээний боловсруулалт хийгээгүй, асар их хүн хүчний ажил шаардлагатай, нууцлаг баримт юм. Зөвхөн архивын эмх цэгц, гарчиг үүсгэх зэрэг ажлыг л бүтэн баг 1950-1980-аад оныг хамруулан 30 гаруй жил үйлдсэн. Доторх нарийвчилсан шинжилгээний ажил бараг байхгүй. Түүний байгуулсан гэрээ, гарын үсэг зурсан байдлаар олон нийтийн хүртээл болсон. Эдгээр баримт судалгааны эргэлтэд ороогүй бөгөөд 1280 боть хэвлэгдэхээс одоогийн байдлаар 20 л хэвлэгдсэн. С.Чулуун Үндэсний номын санд хадгалагдаж буй Өндөр гэгээний намтар болох дөрвөн судар, гар бичмэл зэргийг 2020 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын талд хуулбарлан өгч, хоёр боть болгон хэвлүүлсэн. Тус номд гарсан танилцуулга дээр С.Чулууныг "БНХАУ-ын Ардын их сургуулийн Син Ао эрдэмтэн" хэмээсэн байдаг. Эдгээр шалтгаанаар би С.Чулууныг “Нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар өгсөн” гэж бичиж үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ бол Үндэсний төв номын сангийн хөрөнгө бөгөөд өөрийнхөө нэрийг тавиад хэвлүүлсэн байсан учир шүүмжилсэн юм.
С.Чулуун 2016-2023 онд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Монгол хэл, соёл, түүх, эдийн засаг, хүн судлал гээд Монгол Улстай холбоотой судалгаа хийдэг дэлхийн олон орны эрдэмтдийг холбодог, таван жил тутам нэг удаа олон улсын хурал зохион байгуулах үүрэгтэй төрийн бус байгууллага. С.Чулуун уг төлөвлөгөөт хурлыг цагт нь зохион байгуулалгүй хоёр жил хойшлуулсан. Энэ хурлаар олон эрдэмтэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шинэ бүтээл, судалгааны ажлаа гаргаж хэлэлцүүлдэг, Монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулах асуудал хэлэлцдэг тул түүхч бидний хувьд чухал ач холбогдолтой хурал байдаг. Сүүлдээ эрдэмтэн, багш нар шаардаж байж энэ хурлыг зарлуулсан” хэмээн тайлбарлажээ.
Зургаан шүүгч Г.Мөнх-Эрдэнэ бусдыг гүтгээгүй гэж дүгнэсэн ч...
Анхан шатны шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд уг хэргийг хэлэлцээд “Төрийн өмч болох түүхийн баримт бичиг хэвлэн нийтэлсэн бол уг баримтын нийтлэлийн зохиогчийн эрхийг хэн эзэмших, хэвлэсэн нийтлэлд хэний нэр дурдагдах зэрэг зөвшөөрлийг Монгол Улсын түүх, соёлын өвийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцаж буй яамны зөвшөөрлөөр уг эрхийг С.Чулуун хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд уг эрхийг түүнд олгосон болохыг шүүхийн өмнө С.Чулуун нотлоогүй байна.
Түүнчлэн Олон улсын Монгол судлалын холбооны хурлыг таван жил тутам зохион байгуулахаар дүрэмдээ заасан. Уг ажлыг тус холбооны нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж байсан С.Чулуун дүрэмд заасан хугацаанд зохион байгуулаагүй зэрэг үнэн мэдээлэл хэргийн баримтаар тогтоогдож байх тул С.Чулууны нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан гэж үзэхгүй болно” гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд С.Чулууны нэхэмжлэлтэй, Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд “С.Чулууныг эрүүгийн журмаар шалгаж, дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх ба БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хийсэн гэрээнд заасны дагуу 1200 боть номоос 20 боть, мөн Өндөр Гэгээн Занабазарын намтрын талаар хоёр боть ном худалдаж байгаа талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, цахим мэдээлллийн сайтуудад дурдагдаж буй холбогдсон асуудлаар хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ судлаачийн хувиар байр сууриа илэрхийлсэн, тухайн асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж үзэхээр байх бөгөөд өөрийн зүгээс үндэслэл тодорхойлж, тодорхой баримтууд заасан, тэдгээр нь хэрэгт авагдсан тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл гэж дүгнэх үндэслэлгүй байна” гэх зэргээр дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.
Гэтэл Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Э.Золзаяа, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Н.Батзориг нар хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хэргийг хянан хэлэлцээд “Хариуцагч нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв” гэж танилцуулсан юм.
Анхан болон давж заалдах шатны тус бүр гурван шүүгч хэргийг хэлэлцээд алдар хүнд, нэр төрийг нь гутаасан гэж үзээгүй байхад Дээд шүүхийн таван шүүгч хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр эсрэгээрээ шийдчихэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.