Домогт тамирчин Усэйн Болтын хэмжээний өв үлдээх зорилго тавьсан Олимпын аварга
Парис 2024 олимпын аварга, Америкийн хөнгөн атлетикч Масай Расселл 2026 онд оролцсон 14 тэмцээндээ бүгдэд нь түрүүлж, саадтай гүйлтийн төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоосноор түүхэн амжилт үзүүллээ.
Наймдугаар сарын 27-нд Цюрих хотноо болсон "Weltklasse Zürich" Бриллиант лигийн тэмцээнд 26 настай Расселл эмэгтэйчүүдийн 100 метрийн саадтай гүйлтийн зайг 12.09 секундэд туулж, өмнө нь Тоби Амусаны эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг 0.03 секундээр ахиулсан юм. Түүнчлэн тэрбээр нэг улирлын хугацаанд 12.30 секундийн босгыг есөн удаа давж гүйсэн нь хөнгөн атлетикийн түүхэнд ховор тохиолдох тогтвортой үзүүлэлт болов. Учир нь энэ төрлийн нийт түүхэнд уг цагийн босгыг бүх тамирчид нийлээд ердөө 49 удаа давж байжээ.
Америкийн гүйгч Будапешт хотноо есдүгээр сард зохион байгуулагдсан Дэлхийн хөнгөн атлетикийн анхдугаар "Ultimate Championships" тэмцээний финалд 12.22 секундийн хугацаанд барианд орж түрүүлсэн байна. Тэрбээр уг цэнгэлдэх хүрээлэнд 2023 оны ДАШТ-ий хагас шигшээд саад мөргөн замаас гарч байсан бол энэ удаа Тоби Амусан, Надин Виссер нарыг ардаа орхин түрүүлснээр амжилтаа бататгажээ. Мөн Брюссельд болсон Бриллиант лигийн шигшээ тэмцээнд 12.20 секундийн амжилтаар тэргүүлснийхээ дараа тэрбээр оны шилдэг эмэгтэй атлетикчийн шагналд нэр дэвшсэн байна.
Расселл спортын ертөнцөд домогт тамирчин Усэйн Болтын хэмжээний өв үлдээж, бүх цаг үеийн хамгийн шилдэг саадтай гүйгч болох зорилго тавьж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа хүмүүс Болтын эвдэгдэшгүй мэт амжилтуудын талаар одоо ч ярьдаг шиг өөрийнх нь гаргасан амжилтыг хэрхэн бүтээснийг гайхан бишрээсэй гэж хүсэж байгаагаа хуваалцсан байна.
Түүнчлэн тамирчин эмэгтэй Роберт Гриффин III-ын подкастад оролцохдоо хөнгөн атлетик сүүлийн жилүүдэд хамгийн өндөр хөгжлийн үедээ байгаа бөгөөд гол тулгамдсан асуудал нь шууд дамжуулалт болон үзэгчдийн хүртээмж болохыг хөнджээ.
Бие махбодоо амраах зорилгоор Лондоны "ATHLOS" тэмцээнийг өнжсөн Расселл одоо ирэх хоёр жилийн томоохон мөчлөгт анхаарлаа бүрэн хандуулж байна. Олимпын аварга тамирчин 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2028 оны Лос-Анжелесын олимпын наадамд өөрийн ноёрхлоо үргэлжлүүлэн батлахаар төлөвлөж байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.