🔴С.Наранцогт: Иргэдийн зээлийн хугацааг 48 сар хүртэл сунгах боломж бүрдлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын хүрээнд гаргасан ээлжит шийдвэрээ танилцууллаа. Хэвлэлийн хуралд Төв банкны удирдлагууд болон Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүд оролцож, хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлт, инфляцын төлөв, төсөв болон мөнгөний бодлогын уялдаа зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:
-Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлын гол шийдвэр нь санхүүгийн бодит хүндрэлд орсон иргэдийн өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн. Тодруулбал, үнийн өсөлт болон бусад шалтгаанаар өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд бэрхшээл тулгарсан иргэдийн зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгаж, сарын төлбөрийн хэмжээг багасгах боломжийг олгож байна.
Өнөөдрийг хүртэл шинээр зээл олгоход мөрддөг өр, орлогын харьцаа (DTI) болон хугацааны хязгаарлалт нь зээлийн бүтцийг өөрчлөхөд нэгэн адил үйлчилдэг байсан тул банкууд иргэдтэй тохиролцон хугацаа сунгах боломжгүй байсан. Харин шинэ шийдвэрээр цалин, малчин, автомашины зээл зэрэг хэрэглээний зээлд нэмэлт эх үүсвэр олгохгүйгээр зөвхөн бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хугацааг 48 сар хүртэл сунгана. Энэ үед өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан.
Энэн зохицуулалт нь автоматаар хэрэгжихгүй. Зээлдэгч өөрөө харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн банк иргэний санхүүгийн нөхцөл байдлыг журмын дагуу үнэлж шийдвэрлэх юм. Бүтцийн өөрчлөлт хийхэд банкууд зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй. Гэхдээ хугацаа сунгахын хэрээр нийт төлөх хүүгийн дүн нэмэгдэх тул хэвийн төлөлттэй иргэд одоогийн хуваарийн дагуу явах нь илүү ашигтай. Харин шинээр олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцааны 45 хувийн хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө гэв.
Мөнгөний бодлогын хорооны мэдээлснээр:
- Банкны салбарын нийт актив 94.7 их наяд төгрөг байгаагаас 49.4 хувь буюу тал орчим нь нийт зээл байна.
- Нийт зээлийн 13.7 их наяд төгрөг нь хэрэглээний зээл бөгөөд үүний 5.2 их наяд төгрөг нь өр, орлогын харьцаа тооцдоггүй тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээл эзэлж байна.
- Шинэ бодлогын шийдвэрт хамаарах өр, орлогын хязгаарлалттай зээлийн багц нийт 8.5 их наяд төгрөг (үүний 6.3 их наяд нь цалингийн зээл, 1.3 их наяд нь малчны зээл, үлдсэн нь бусад) байна.
- Өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн хувьд чанаргүй зээлийн түвшин өнгөрсөн оны мөн үеийн 3 хувиас өсөж, 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 5.9 хувь буюу 803.8 тэрбум төгрөгт хүрчээ.
- Банкны системийн нийт хэмжээнд чанаргүй зээл 5.2 хувьтай байгаа бөгөөд банкууд эрсдэл даах өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон зохистой харьцааны шаардлагыг бүрэн хангаж байна.
Түүнчлэн Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) өр, орлогын зохицуулалтын зөрүү (банк 45 хувь, ББСБ 55 хувь)-ээс шалтгаалан иргэд давхар өрийн дарамтад орж буйг арилгахаар СЗХ болон бусад зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж буйг энэ үеэр дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.