🔴Б.Мөнхтамир: 11 дүгээр сард шатахууны нөөц тасалдахгүй

AI хөрвүүлсэн
🔴Б.Мөнхтамир: 11 дүгээр сард шатахууны нөөц тасалдахгүй

Шатахууны Шуурхай штаб хуралдаж, шатахууны нийлүүлэлт, нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: 

-ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • АИ-92 автобензин: 10 хоног,
  • Дизель түлш: 28 хоног,
  • Онгоцны түлш: 36 хоногийн нөөцтэй байна.

Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа бөгөөд 11 дүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор баталгаажуулсан. Үүнд:

  • ОХУ-аас 70 мянган тонн,
  • БНСУ-аас 12 мянган тонн,
  • БНХАУ-аас 8 мянган тонн,
  • Казахстан Улсаас гурван мянган тонн шатахуун авахаар тус тус төлөвлөсөн. 

Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс даруй 20 орчим мянган тонноор илүү захиалга хийгдсэн үзүүлэлт юм. Иймд шатахуун тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэх шаардлагагүй. Нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай шатахуун хадгалах байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Шатахууны нийлүүлэлт саатсан нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна. 10, 11 дүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Гол нь шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулган, хоосон вагоныг ОХУ руу буцааж эргэлтийг түргэсгэх шаардлага тулгараад байна. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Шуурхай штабаас гарсан ажлын хэсэг буюу ШӨХТГ, АҮЭБЯ-ны Хяналтын газар, АМГТГ, НЗДТГ хамтран ШТС-уудад тогтмол хяналт шалгалт хийж байна. Хилээр орж ирж буй бүтээгдэхүүний дээж болон ШТС-уудын орлого, зарлагыг системээр тулган шалгаж байгаа бөгөөд энгийн 92-ыг "Евро-92" нэрээр зарах боломжгүйг тодотгов. Сэжигтэй тохиолдолд иргэдийн мэдээллийн дагуу итгэмжлэгдсэн явуулын лаборатори газар дээр нь очиж шинжилгээ хийх боломжтой. 

Энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд шатахууны хяналтын цахим системийг автоматжуулж дуусахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 264 ШТС-ын 87 хувь нь benzin.mn системд мэдээллээ тогтмол оруулж байгаа бол үлдсэн 13 хувь нь мэдээллийг хоцроож байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тухайн иргэд "E-Mongolia"-ийн комиссын актаа үзүүлэн дугаарлалгүй үйлчлүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. Түүнчлэн хууль ёсны асран хамгаалагчийн бичиг баримттай иргэдэд ч дугаар харгалзахгүй үйлчилнэ. Харин хуурамч бичиг баримт ашиглах, өдөрт олон дахин өөр машинаар ирж шатахуун авах зэрэг зөрчил илэрч байгааг аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэнэ. 

Олон улсын зах зээл дээр түүхий тосны үнэ "Сингапурын платс" дээр баррель нь 113 ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор импортын шатахууны өртөг өссөн. Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу автогазын импортын үнэ ОХУ-д нэг тонн нь 400–500 ам.доллар байснаас өсөж, 800 орчим ам.доллар болж өссөн. Энэ нь ОХУ-ын намрын ургац хураалт, боловсруулалттай холбоотой түр зуурын хэрэглээний өсөлтөөс үүдэлтэй юм. Засгийн газар болон яамнаас аж ахуйн нэгжүүдийн үнэ тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй бөгөөд үнийг үндэслэлгүйгээр, давамгай байдлаа ашиглан нэмсэн эсэхийг ШӨХТГ хянан тогтоох чиг үүрэгтэй ажиллаж байна.

БНСУ-ын "SK Energy" болон "Hyundai Corporation"-тай хийсэн гэрээний хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд шатахуун тогтмол импортлохоор бэлтгэл хангагдаж байна. 12 дугаар сарын дундаас эхлэн БНСУ-аас татан авалтууд тогтвортой орж ирнэ.

БНХАУ-ын Тяньжинь, Далянь зэрэг боомтуудаар дамжуулан ачих ажил хэвийн явагдаж байна. Тухайлбал, Тяньжинь боомт дээр буусан "Лекс Ойл" компанийн 12 мянган тонн орчим Евро-92 автобензинийг 11 дүгээр сарын эхний 10 хоногт багтаан төмөр замаар татан авах юм. Замын-Үүд боомт дахь шилжүүлэн ачих 58 мянган шоо метр багтаамжтай савнаас "Эрчис ойл" төрийн өмчит компанийн 20 мянган тонн багтаамж бүхий савыг бүрэн суллаж, урд хөршөөс болон гуравдагч орноос орж ирж буй бүтээгдэхүүнийг саадгүй шилжүүлэн ачиж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.