Загасанд явсан эр нэг сая доллартай буцаж иржээ
Австралийн Дарвин хотын оршин суугч 26 настай Мэтью Морис ойролцоох Корробори-Биллабонг усан санд дүүтэйгээ загасчилж байхдаа тусгай тэмдэглэгээтэй баррамунди загас барьж, санамсаргүйгээр нэг сая австрали долларын шагналын эзэн болсон байна. Гадаадаас ирсэн дүүтэйгээ уулзан ярилцах зорилгоор хийсэн энгийн нэг аялал залуугийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх ховор тохиолдлоор төгсчээ.
Пүрэв гаргийн аравдугаар сарын 29-ний өдөр болсон тус үйл явдлын үеэр Морис 80 орчим сантиметр урттай цагаан баррамунди төрлийн загас дэгээдсэн байна. Загасыг татаж гаргахад сүүл хэсэгт нь тусгай улаан пайз бэхэлсэн байсан бөгөөд энэ нь бүс нутагт зарлагдсан өндөр бооцоот тэмцээний гол шагнал байсныг удалгүй мэдсэн ажээ.

Австралийн Хойд нутаг дэвсгэрт аравдугаар сарын 1-ний өдрөөс жил бүр зохиогддог "Million Dollar Fish" нэртэй загасчлалын тэмцээн албан ёсоор эхлээд байв.
Уг арга хэмжээг зохион байгуулагчид байгалийн усан санд тус бүр 10 мянган австрали долларын шагналтай 100 загас, мөн нэг сая австрали доллар буюу 700 мянга орчим ам.долларын үнэ бүхий онцгой улаан пайзтай ганцхан загасыг тавьсан байжээ. Мэтью Морис чухам тэрхүү цорын ганц гол шагналын загасыг барьж чадсан байна.
Сонирхолтой нь залуу тэмцээнд албан ёсоор урьдчилан бүртгүүлээгүй байсан хэдий ч зохион байгуулагчдын зүгээс түүний хожлыг хүчин төгөлдөрт тооцсон байна. Үүний үр дүнд Морис уг тэмцээний түүхэнд нэг сая долларын супер шагнал хүртсэн хоёр дахь азтай оролцогч болж тэмдэглэгджээ. Хожлынхоо талаар мэдсэн даруйдаа тэрбээр хамгийн түрүүнд эцэг эх рүүгээ залгаж, гэнэтийн мэдээг дуулгасан байна.
Гэнэтийн энэхүү явдалд одоо ч итгэж өгөхгүй, зүүдэлж байгаа мэт сэтгэгдэл төрж буйгаа хуваалцсан азтан шагналаа ухаалгаар зарцуулахаар зорьж байна. Тэрбээр гэнэт орж ирсэн хөрөнгөөрөө хувийн орон сууц худалдан авч, хуримтлагдсан өр зээлээ төлөхөөс гадна гэр бүл, ойр дотныхондоо бэлэг авахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.