Их хааны нэрээр нэрлэгдсэн онцгой албан татвар төлдөг бүтээгдэхүүний тодорхой хувийг Чингис хаан санд төвлөрүүлнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.11.04/-ийн хуралдаанаар УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн барьсан хуулийн төслүүд, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. УИХ-аас шууд томилогддог төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээг УИХ-аас итгэлцүүр баталж, тогтоодог. Байнгын хорооны гишүүдийн зүгээс нийт 23 байгууллагын 57 албан тушаалтан хамаардаг уг асуудлыг нэгтгэсэн байдлаар хэлэлцэх саналыг хэлж, УИХ-ын дарга С.Бямбацогт холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.
Хурлын төгсгөлд Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.
Тогтоолын төсөлд Их эзэн Чингис хааны асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, гадаад улсад байгаа Чингис хааны бичвэр, эш хөргийг эх орондоо авч ирэх, Их хааны нэрээр нэрлэгдсэн онцгой албан татвар төлдөг бүтээгдэхүүний тодорхой хувийг Чингис хаан санд төвлөрүүлж, сангийн хөрөнгөөр эх түүхээ сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Мөн Их эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.