Бага сургуулийн багш Хятадын шинэ тэрбумтан болсон нь
Гуандүн мужийн Жуншань хотод төвтэй "Crown New Materials Technology" компанийн хувьцаа Шэньжэний хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлсэн өдрөө 787 хувиар өссөнөөр үүсгэн байгуулагч ах дүү хоёр тэрбумтны эгнээнд шилжлээ.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал Май Хуйцюаны хөрөнгийн хэмжээ хувьцааны огцом өсөлтийн үр дүнд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн бол түүний эгч, дэд дарга Май Хуйсягийн хөрөнгө хоёр тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.
Үйлдвэрлэлийн цар хүрээгээ өргөтгөх болон дотоодын судалгааны төв байгуулах зорилгоор тус компани 56.3 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 16.98 юань буюу 2.55 ам.доллароор санал болгож, нийт 956 сая юань татан төвлөрүүлжээ. Хувьцааны арилжаа эхэлсэн даруйд үнэ нь 150.58 юаньд хүрч огцом өссөн тул өглөөний арилжааны явцад хоёр удаа түр зогсолт хийхэд хүрсэн юм. Улмаар арилжааны эхний өдөр 84.55 юань буюу бараг 398 хувийн өсөлттэй хаагдаж, маргааш өглөө нь 77 юань орчимд тогтворжсон байна.

Ах дүү хоёр 2000 оны зургаадугаар сард хоёр сая юанийн дүрмийн сантайгаар тус компанийг анх үүсгэн байгуулжээ.
Өдгөө 62 настай Май Хуйцюан нь 1981 оноос 1984 оны эцэс хүртэл бага сургуулийн багшаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан түүхтэй бөгөөд Австралийн иргэншилтэй, Хонконгийн байнгын оршин суугч юм. Харин дэд дарга Май Хуйся өмнө нь борлуулалт болон үйлдвэрлэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байв.
Тэдний удирдаж буй үйлдвэр нь цахилгаан бараа, автомашин болон хагас дамжуулагчийн салбарт ашиглагддаг тусгай зориулалтын наалдамхай бодис, тууз, хамгаалалтын хальс үйлдвэрлэдэг бөгөөд "Apple", "Tesla", "BYD" зэрэг томоохон компаниудад нийлүүлэлт хийдэг байна.
Хувьцааны үнийн хэт өндөр хэлбэлзэл, огцом өсөлтийн дараа "Crown New Materials Technology" компанийн зүгээс хөрөнгө оруулагчдад хандан болгоомжтой, ул суурьтай шийдвэр гаргахыг анхааруулсан мэдэгдэл гаргалаа. 2026 оны эхний есөн сарын санхүүгийн тайлангаар орлого нь 12 хувиар өсөж 2.8 тэрбум юаньд хүрсэн боловч худалдааны маргаан болон түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан цэвэр ашиг нь 7.9 хувиар буурч 225 сая юань болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.