Титаник хөлгийн сүйрлээс амь гарсан галчийн халаасны цаг дуудлага худалдаагаар зарагджээ
"Титаник" хөлөг онгоцны сүйрлээс амь гарсан Артур Жон Пристийн халаасны цаг Английн Глостершир гүнлэгийн Челтнем дэх Судели цайзад зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар 3,800 фунт стерлингээр зарагдлаа.
"Bespoke Auctions" ордноос зохион байгуулсан уг дуудлага худалдааны үнэ 3,000 фунтээс эхэлж, цуглуулагчдын өрсөлдөөний дүнд богино хугацаанд өссөн байна. Ахлах дуудлага худалдаачин Николас Грейнджер энэ бүтээлийг далайн тээврийн түүхтэй шууд холбогдох ховор нандин олдвор болохыг онцолж, түүхэн үнэ цэн нь олон нийтийн анхаарлыг татах гол үндэс болсныг тодотгожээ.
Халаасны цаган дээрх сийлбэр нь түүний үүсэл гарлыг гэрчилдэг. Тодруулбал, "Титаник"-ийн ихэр хөлөг онгоц болох "Британник" 1916 онд Эгейн тэнгист усан доорх бөмбөгөнд өртөж живэх үеэр хүний амь аварсных нь төлөө Пристэд талархал илэрхийлж энэхүү цагийг дурсгасан түүхтэй ажээ.
Артур Жон Прист нь уурын хөдөлгүүрт нүүрс хийж галладаг усан онгоцны галч байсан бөгөөд хөлгийн зуухны өрөөний хүнд хүчир багт ажилладаг байв. Түүхэнд түүнийг "Живдэггүй галч" хэмээх хоч нэрээр нь дурсдаг бөгөөд тэрээр 1912-1917 оны хооронд тохиолдсон далайн дөрвөн том сүйрлээс амьд үлдсэн ховор тавилантай нэгэн юм.
Прист 1912 онд "Титаник" хөлгийн зуухны өрөөний гүнд ажиллаж байхдаа осолтой тулгарсан бөгөөд хөлөндөө хүнд бэртэл авч, хөлийн хуруунууд нь хөлдсөн байдалтайгаар мөстэй хүйтэн далайгаас аврагдаж байжээ.
Үүний дараа тэрээр 1916 онд "Алькантара" болон "Британник", 1917 онд "Донегол" хөлөг онгоцууд живэхэд бүгдээс нь эсэн мэнд мултарч чадсан байна. Хамгийн сүүлд "Донегол" хөлгийн ослын үеэр толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас тэнгисийн ажлаа бүрмөсөн орхисон бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг Саутгемптон хотод өнгөрүүлжээ.
Ийнхүү дөрвөн том хөлгийн сүйрлээс амьд гарсан ер бусын хүний биедээ хадгалж явсан халаасны цаг нь далайн тээврийн түүхийн томоохон үйл явдлыг сануулах үнэт өв болон хадгалагдан үлдэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.