“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн эцсийн өмчлөгч Р.Зоригт хахуулийн хэрэгт ял шийтгүүлэв

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн эцсийн өмчлөгч Р.Зоригт хахуулийн хэрэгт ял шийтгүүлэв

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженер, эцсийн өмчлөгч Р.Зоригтод холбогдох бусдад хахууль өгөхөөр санал болгосон гэх хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 55 тэрбум төгрөгийн хөрөнгөөр вагон худалдан авч, түүнийгээ “Төмөр замын зураг төслийн институт” ХХК-ийн өмчлөлд өгсөн гэх дуулиан хэдэн жилийн өмнө өрнөөд дарагдсан. Гэтэл өдгөө уг өмчлөлийн маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхэд хянаж, шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй аж.

Өөрөөр хэлбэл, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК-ийн нэхэмжлэл гаргаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс вагонуудын өмчлөлийг шилжүүлэн авах гомдлыг арбитр хянаж байгаа гэнэ.  Энэ арбитрын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “Төмөр замын зураг төслийн институт”-ийн  орлогыг тогтоох шинжилгээг хийхээр болсон аж. Уг ажлыг гүйцэтгэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК шалгарсан бөгөөд хувьцаа эзэмшигч, зөвлөх инженер гэх албан тушаал хашиж байсан Р.Зоригт нь хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаттай уулзан үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэг тэрбум төгрөг хуваан авахыг санал болгожээ.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр санал болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхээс Р.Зоригтыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.