🔴Монголын кино дэлхийн тавцанд амжилт гаргаж байхад төрийн дэмжлэг ухарч болохгүй

Монголын кино урлагийн уран бүтээлчид, салбарын төлөөлөл Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийг хоёр жил дараалан танаж, үндэсний кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хэрэгжилтийг алдагдуулж байгааг эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт шаардлага хүргүүллээ. 

Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар уран бүтээлчид санхүүжилтийн таналттай холбоотой байр сууриа илэрхийлж, төрөөс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан юм.

Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, үндэсний кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, Монголын түүх, соёл, өв уламжлалыг олон улсад сурталчлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч 2026 оны улсын төсвийн тодотголоор Кино урлагийг дэмжих санд төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгөөс 3.3 тэрбумыг хассан бол 2027 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн хассан байна.

Үндэсний кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийг дараалан танаж байгаа нь зөвхөн уран бүтээлчдийн асуудал бус, Монгол Улсын соёлын бодлого, бүтээлч үйлдвэрлэл, үндэсний оюуны дархлаатай холбоотой асуудал юм. Монголын кино дэлхийн тавцанд амжилт гаргаж байхад төрийн дэмжлэг ухарч болохгүй. Сүүлийн жилүүдэд Монголын кино уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртэж, үндэсний кино урлагийн өрсөлдөх чадварыг харуулсаар байна.

Тухайлбал, “Сэр сэр салхи” Венецийн олон улсын кино наадмаас шагнал хүртэж, “Зогсоол” 2026 оны Бусаны олон улсын кино наадмын дөрвөн шагналын эзэн болсон. Мөн “Ханын зураач”, “Цагаан хадны өнгө” зэрэг бүтээл олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон. Эдгээр амжилт нь Монголын кино урлаг дэлхийн зах зээлд гарах бодит боломжтойг харуулж байгаа бөгөөд үндэсний кино үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсын соёлын нэр хүнд, олон улсын сурталчилгаа, бүтээлч эдийн засагт үр өгөөжөө өгөх боломжтойг нотолж байна.

Уран бүтээлчдийн зүгээс Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.3-т заасан зохицуулалтыг үндэслэн төрөөс хуульд заасан дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлж, санхүүжилтийг улсын төсөвт тусгах үүргээ биелүүлэхийг шаардаж байна.

Хамтын шаардлагад дараах дөрвөн асуудлыг тусгажээ. Үүнд: 

  1. 2026 онд сонгон шалгаруулалтаар дэмжигдсэн төслүүдийн санхүүжилт яагаад саатсан, төсөвлөсөн хөрөнгийг ямар шийдвэр, эрх зүйн үндэслэлээр буцаан татсан талаар баримттай, ил тод тайлбар өгөх. 
  2.  Сонгон шалгаруулалтаар дэмжигдсэн төслүүдийн санхүүжилт болон үүссэн гэрээ, санхүүгийн үүргийг хэрхэн, ямар хугацаанд шийдвэрлэхийг тодорхой зарлах. 
  3. Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.3-т заасан төрийн дэмжлэгийг хэрэгжүүлж, 2027 оны улсын төсөвт тус санд хамгийн багадаа хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт тусгах асуудлыг шийдвэрлүүлэх. 
  4. Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтийг жил бүрийн төсвийн таналт, тодотголоос хамааран тасалдахаас хамгаалсан тогтвортой, ил тод, олон жилийн төлөвлөлттэй тогтолцоо бүрдүүлэх. Уран бүтээлчид эдгээр шаардлагад ажлын таван өдрийн дотор албан ёсны хариу ирүүлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэхийг хүссэн байна. 

Кино урлаг бол зөвхөн дэлгэцийн бүтээл биш. Энэ бол Монголын түүхийг өөрийн өнцгөөс өгүүлэх, үндэсний үнэт зүйлээ дэлхийд таниулах, олон зуун хүнийг ажлын байраар хангах, технологи, оюуны өмч, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх чухал салбар юм. Уран бүтээлчид төрөөс хишиг гуйж байгаа бус, Монгол Улсын хуулиар баталгаажсан төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа онцоллоо. Тэд цаашид ч үндэсний кино урлагийн хөгжих боломж, уран бүтээлчдийн хөдөлмөр, салбарын тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хууль ёсны бүхий л арга замаар байр сууриа илэрхийлж ажиллахаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.